Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

"Огцрох амархан" жагсаал өнөөдөр өргөн хүрээнд болно

"Огцрох амархан" жагсаал өнөөдөр өргөн хүрээнд болно
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 2
"Огцрох амархан" жагсаал өнөөдөр 18 дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Уг жагсаал өнөөдөр 11.00 цагаас 21.00 цагийн хооронд нэлээд өргөн хүрээнд зохион байгуулахаар хөтөлбөрөө танилцуулсан байна. Учир нь, өнөөдөр УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор "Огцрох амархан" жагсаал зохион байгуулагчид өөрсдийн шаардлагаа дахин танилцуулж, өнөөдрийг хүртэлх санхүү, орлогоо тайлагнаж, чөлөөт микрофон аялуулж, иргэдийн байр суурийг хүргэнэ. Үүгээрээ дамжуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс ёс зүй нэхэж, орлогоо нотлохыг, огцрохыг дахин шаардаж, УИХ-аас Ерөнхий сайдад ёс зүйн хариуцлагыг нь хүлээлгэхийг нэхэн сануулах зорилготой юм.
Түүнчлэн, цөөнгүй компани ажилчдаа "Огцрох амархан" жагсаалд оролцуулахын тулд цалинтай чөлөө олгохоо мэдэгдээд байна. Мөн 21 аймгийн төлөөллөөс жагсаалд өөрсдийн байр сууриа илэрхийлэх болон эмч, багш, төрийн албан хаагчдад үгээ хэлэх боломжийг олгож байгаа аж.
Жагсаалд ирсэн залууст урам зориг өгөхөөр комедиан нар ирж, нэг цаг "Roast show" хийхээ илэрхийлсэн байна. "Ub Comedy"-ийн Батаа, Амараа, Хану зэрэг зургаан комедиан уран бүтээлээ хүргэх юм байна.
Үүнтэй зэрэгцэн Төрийн ордонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Эхлээд УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, улс төрийн шийдвэрээ гаргана. Үргэлжлүүлээд 12.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд 14.00 цагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. УИХ-ын дарга жагсагчдын төлөөлөлтэй уулзахдаа, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг УИХ нээлттэй, гишүүн бүр асуулт асууж, хариулт авах байдлаар өргөн хүрээнд зохион байгуулна гэдгээ илэрхийлсэн билээ.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн