Зайсангийн гүүрийг шинэчлэн барих ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэгч “ЗМЗ” ХХК төлөвлөсөн хугацаанаасаа таван сарын өмнө буюу 2025 оны зургаадугаар сардаа багтаан хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.
Нийт дөрвөн эгнээ бүхий 225 метр урт, төмөрбетон гүүр барьж буй. Уг ажлын хүрээнд шал суурийн арматур, дам нуруу бэлтгэх, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулах зэрэг доод бүтээцийн ажил дууссан. Түүнчлэн дээд бүтээцийн ажилд нийт 10 алгасал угсрах бөгөөд үүнээс есөн алгаслыг угсраад байна.
Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Зайсангийн гүүрний ажил нэгдүгээр сарын 15-нд эхэлснээсээ хойш өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Дам нуруу байршуулах, нэг захын тулгуур, дамжих хавтангуудыг цутгасны дараагаар зам хучилтын ажил хийгдээд энэ сардаа багтаагаад нээнэ.
2025 онд Нийслэлд 43 байршилд зам засварын ажил явагдана. Тухайлбал, Энх тайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Доржийн гудамж, Чингэлтэй өргөн чөлөө, Ажилчны гудамж, Шар хад гэсэн 7 гол гудамжнуудад 14 багц ажлууд хийгдэнэ. Эдгээр зам засварын ажилд зориулан замуудыг хэсэгчлэн хаагаад эхэлсэн байгаа. 2025 онд 100 гаруй км авто замыг шинээр барихаар төвөвлөж байна.
“ЗМЗ” ХХК Талбайн инженер Г.Баасансүрэн: Бид Зайсангийн гүүр шинээр барих ажлын гэрээнд зааснаар 2025 оны арваннэгдүгээр сард дуусгах байсан ч шахуу ажилсны үр дүнд хугацаанаасаа өмнө буюу энэ зургаадугаар сард багтаан хүлээлгэж өгөхөөр болсон байгаа. Ажиллах хүчний хувьд хүндрэлтэй байсан учир хугацаанаасаа өмнө дуусгахын тулд Филиппин улсаас ажиллах хүч татсан. Одоогоор бид 40 гаруй хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 20 гаруй ажилчдыг Филиппин улсаас ажиллуулж байна.