МАН УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахдаа 33 VS 32-ын бүлэг болж задарч байв. Энэ удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар 37 VS 31-ийн бүлэг болж хуваагджээ. Энэ хоёр “Ажиллагаа”-г хоёуланг нь У.Хүрэлсүх гэдэг хүн удирдаж байгаа нь анхаарал татаж байна. Тухайн үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Херо Баатар нарын дунд өрнөсөн ярианы бичлэгээс үзвэл Шадар сайд асан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд “Топор” хэмээх нууц нэрээр Х.Баттулгын талд ажиллаж, "Эрлийз морь" уралдуулахгүй хэмээн ил далд дэмжсэн нь тодорхой болсон юм. Өдгөө М.Энхболдыг унагах ажиллагааг У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр гардан гүйцэтгэсэн Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь ээлж ирэв бололтой.
Талууд өнгөрсөн амралтын өдрүүдээр гишүүдтэй тулж ажилласан, ялангуяа Ерөнхийлөгчийн талынхан идэвхтэй ажилласан гэх мэдээлэл байна. Ингээд Ерөнхий сайдад итгэл үл үзүүлэх тал дээр 37 гишүүний саналыг багцалсан бөгөөд Үндэсний эвсэл, ХҮН намыг дараагийн засагт багтаана гэх амлалтаар саналыг нь авахыг зорьж байгаа аж. Нөгөө талд Ерөнхий сайд жагсаалтын голдуу 31 гишүүн, нэмэх нь Ардчилсан намын 30 гишүүн, ХҮН намын дөрөв, ИЗНН-ын хоёр гээд итгэл үзүүлэх талын кноп 70-руу дөхөж байна.
АН-ын хувьд найман сайд нь санал хураалтаас өмнө Засгаас гарах өргөдлөө өгөх магадлал өндөр байна. Түүнчлэн хэдийгээр засгаас гаргахаа мэдэгдэх ч Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тал дээр 30 орчим гишүүн саналаа өгөх бололтой. Гэвч Ерөнхий сайд УИХ түүнд итгэл хүлээлгэсэн ч өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч, огцрох бөгөөд наадмын өмнө МАН-ын их хурлыг зарлаж, дараагийн даргаа тодруулснаар МАН-ын дүрмийн 24 дэх заалтын дагуу шинэ Ерөнхий сайд тодрох бололтой.
Түрүүн дурдсанчлан ХҮН нам дараагийн Ерөнхий сайд хэн байхаас үл хамааран засагт үлдэж ажиллаж бөгөөд үүн дээр Үндэсний эвсэл нэмэгдэж Н.Номтойбаяр тэргүүн Шадар сайд болох замын зураг нэгэнт зурагджээ.