Open iToim app
Тэд бидний тухай | 3 мин уншина

Intellinews: Итгэл хүлээлгэх санал хураалт явуулах гэж байгаа нь Л.Оюун-Эрдэнэд албан тушаалдаа үлдэх найдвар бага байгаагийн илрэл

Intellinews: Итгэл хүлээлгэх санал хураалт явуулах гэж байгаа нь Л.Оюун-Эрдэнэд албан тушаалдаа үлдэх найдвар бага байгаагийн илрэл
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 2
Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан олон нийтийн шахалтаас үүдэн Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийн санал хураалт явуулахаар болсон билээ. Санал хураалт энэ долоо хоногийн эхээр явагдах төлөвтэй байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 28-нд итгэл үзүүлэх санал хураалтыг өөрөө санаачлан, гэр бүлийнх нь хөрөнгийн эх үүсвэртэй холбоотой асуудлын улмаас албан тушаалаа эрсдэлд оруулаад байна. Тэрээр Монголын шинэ үеийн түүхэнд хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд нарын нэг бөгөөд сүүлийн дөрвөн жилийн турш Засгийн газрыг удирдаж буй.
126 суудалтай Улсын Их Хурал санал хураалтыг зургаадугаар сарын 3-ны мягмар гарагт явуулж магадгүй. 44 настай Л.Оюун-Эрдэнэ албан тушаалдаа үлдэхийн тулд УИХ-ын гишүүдийн олонхын дэмжлэгийг авах шаардлагатай юм.
Л.Оюун-Эрдэнийн харьяалагддаг Монгол Ардын Нам (МАН) парламентад 68 суудалтай бол хоёр дахь том хүчин болох Ардчилсан Нам (АН) 42 суудал эзэлдэг. Гэсэн хэдий ч Л.Оюун-Эрдэнэ МАН-ын гишүүд дундаа шаардлагатай дэмжлэгээ хадгалж үлдсэн эсэх нь тодорхойгүй байна.
“Монгол Ардын Намын гишүүд ихэвчлэн сахилга баттай байдаг ч энэ удаа Ерөнхий сайдыг дэмжигчид болон эсэргүүцэгчид гэж хоёр хэсэгт хуваагдах магадлалтай” хэмээн Mongolia Weekly мэдээллийн товхимлын ерөнхий редактор А.Адьяа мэдэгджээ.
Мөн тэрээр “Ерөнхий сайдыг эсэргүүцэгчид АН-ын гишүүдтэй хүчээ нэгтгэвэл олонх болж чадна. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн албан тушаалдаа үлдэх магадлал тун бага байна” хэмээн нэмж дурдсан байна.
Ерөнхий сайдын нэр хүнд сүүлийн сар гаруйн хугацаанд эрс унасан. Үүнд түүний гэр бүлийнхэн улс төрийн нөлөөг ашиглан хууль бус ашиг хүртсэн гэх хардлага нөлөөлжээ.
Олон нийтийн анхаарал Л.Оюун-Эрдэнийн 23 настай хүү Тэмүүлэн рүү чиглэсэн юм. Түүний найз бүсгүйдээ тансаг зэрэглэлийн бэлэг бэлэглэсэн талаарх баримтууд цахим орчинд нийтлэгдэж, олны анхаарлыг татаад буй. Тэмүүлэний хувьд Монголд ирсэн байгаа бөгөөд Авлигатай тэмцэх газраас явуулж буй мөрдөн шалгалтад хамрагдаж байна. Уг шалгалтад Ерөнхий сайдын өөрийнх нь санхүүгийн мэдээлэл ч багтаж байгаа аж.
Нийтийн бухимдал Улаанбаатар хотын төв талбайд өдөр бүр үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалаар илэрч байна. Одоогийн байдлаар 60,000 гаруй хүн Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан цахим өргөдөлд гарын үсэг зуржээ.
АН-ын зарим гишүүд жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлсний дараа МАН өнгөрсөн долоо хоногт болсон бүлгийн хурлаараа АН-ыг Хамтарсан Засгийн газраас хасах санал хураалт явуулсан. Гэхдээ энэ санал хураалт АН-ыг Засгийн газраас албан ёсоор гаргах шийдвэр болоогүй юм. Тавдугаар сарын 29-ний байдлаар АН цаашид Засгийн газарт ямар байр суурь эзлэх нь тодорхойгүй байна.
Энэхүү улс төрийн хямрал өнгөрсөн жилийн парламентын сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ дахин мандат авснаас ердөө 10 сарын дараа өрнөж буй нь энэ. Түүний Засгийн газар томоохон дэд бүтцийн төслүүд, гадаадын уул уурхайн компаниудтай хамтран ажиллах гэрээнүүдэд төвлөрч ирсэн.
Сүүлийн үед танилцуулсан томоохон төслүүдийн дотор БНХАУ-тай хиллэх өмнөд бүсэд Монголын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор барих шинэ “хуурай боомт”-ын байгууламж багтаж байна. Мөн Засгийн газар Өмнөд Монголд 450 мегаваттын хүчин чадалтай нүүрсээр ажиллах цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа нь нүүрс болон зэсийн томоохон уурхайнуудыг эрчим хүчээр хангах зорилготой ажээ. Үүнээс гадна газрын тос боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, ураны уурхай зэрэг төслүүд хөгжлийн шатандаа явж байна.
Ерөнхий сайд ард түмэнд хандан мэдэгдэл хийхдээ стратегийн бүх хөрөнгийн 34 хүртэлх хувийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэн бүрт үр өгөөжийг нь хүртээмжтэй байлгах талаар амлалт өгсөн. Гэвч Ерөнхий сайд огцрох эрсдэлтэй тулгараад байгаа тул Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 “мега” төслийн хэрэгжилт, баялгийн хуваарилалт удаашрах магадлалтай байна.
Хэрэв Л.Оюун-Эрдэнэ огцвол МАН шинэ Ерөнхий сайдыг нэр дэвшүүлж, төслүүдийг саадгүй үргэлжлүүлэх чадвартай хүнийг сонгохоор ажиллах юм. Засгийн газраас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, түүнийг огцорсон тохиолдолд шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн