Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Ерөнхий сайдаа огцруулаад удаагүй Сербийн жагсагчид ээлжит бус сонгууль явуулахыг шаардлаа

Ерөнхий сайдаа огцруулаад удаагүй Сербийн жагсагчид ээлжит бус сонгууль явуулахыг шаардлаа
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 31
Сербийн нийслэл Белград хотод мянга мянган хүн жагсаж, Ерөнхийлөгч Александр Вучичийг ээлжит бус сонгууль явуулахыг шаардлаа. 
Сүүлийн хэдэн сарын турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дараа оюутнууд ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж эхэлжээ. Учир нь тэд одоогийн Засгийн газар шударга ёс тогтоох шаардлагыг биелүүлж чадахгүй гэж үзэж байгаа аж. Ийнхүү долоон сарын турш үргэлжилсэн авлигын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн Александр Вучичийн популист засаглалыг ганхахад хүргээд байна.
Белград дахь жагсаалыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд хойд нутгийн Нови Сад хотын галт тэрэгний буудлын цементэн дээвэр нурж, 16 хүний аминд хүрсэн хэрэгт дургүйцсэн их, дээд сургуулийн оюутнууд тэргүүлэн зохион байгуулжээ. Сербийн иргэд уг ослыг Хятадын компанитай холбоотой дэд бүтцийн төслүүдэд гарсан авлига, хариуцлагагүй байдалтай холбоотой гэж үзэж байна. Улс даяар өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг оюутнууд тэргүүлсээр ирсэн юм. 
Жагсагчдын шаардлага
Жагсаж буй оюутнууд тус осолд хариуцлага тооцох, Сербид хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм. Тэд тараасан уриалгадаа “ажлаа хийдэг” хараат бус институц бүхий улсыг байгуулахыг зорьж буйгаа онцолсон байна. Мөн жагсагчдыг зодсон хүмүүсийг хариуцлагад татах, баривчлагдсан оюутнуудад тавьсан ял шийтгэлийг хүчингүй болгох, гуравдугаар сард болсон жагсаал дээр эрх баригчид дууны их буу ашигласан эсэхэд мөрдлөг эхлүүлэхийг хүсэж байгаа аж.
undefined
Европын Холбоонд нэгдэх хүсэлтэй гэдгээ тунхагладаг ч, улам бүр авторитар дарангуйллын шинжтэй болж буй хэмээн шүүмжлүүлдэг Вучич ээлжит бус сонгууль явуулахыг эхэндээ няцааж байсан ч баасан гарагт тодорхой хугацаа зарлалгүйгээр боломжтой гэсэн санаа илэрхийлсэн байна.
Европын Холбоо Сербийн шинэ Засгийн газарт хандан, ЕХ-д нэгдэхийг зорьж байгаа бол ардчиллын гол зарчмуудыг сахиж, шударга сонгууль, шүүхийн шинэчлэл, хэвлэлийн эрх чөлөөг хангах ёстой гэж мэдэгджээ.
Нови Сад хотод болсон осолтой холбоотойгоор одоогоор хэн ч ял шийтгэл аваагүй байгаа юм. Эрх баригчид 10 гаруй хүнийг яллагдагчаар татсан ч энэхүү процесс авлигыг илчилнэ гэдэгт олон нийт эргэлзсээр байна. Харин Вучичийн Засгийн газар жагсаж буй оюутнууд болон Сербийн их, дээд сургуулиудад шахалт үзүүлж, гадаад хүчнүүдийн удирдлагаар Сербид хувьсгал хийх гэж оролдож байна хэмээн нотолгоогүйгээр буруутгасаар байна.
Тогтворгүй байдлын дунд шинэ Ерөнхий сайд томилогдов
Сербид олон нийтийн хүчтэй эсэргүүцлийн улмаас улс төрийн томоохон өөрчлөлтүүд гарсан. Үүний нэг нь нийтийн бухимдал, эсэргүүцлийн улмаас Ерөнхий сайд Милош Вучевич 2025 оны нэгдүгээр сард огцрохоо зарласан явдал байлаа. Ийнхүү дөрөвдүгээр сарын 16-нд Сербийн парламент шинэ Ерөнхий сайд Дюро Мацутын томилгоог баталсан юм. Мацутын тэргүүлсэн шинэ Засгийн газар 31 сайдтай бөгөөд тэдний 10 нь өмнө нь төрийн албанд ажиллаж байгаагүй шинэ хүмүүс байна.
Олон нийт энэ явдлыг Засгийн газарт шахалт үзүүлэх эсэргүүцлийг намжаах гэсэн оролдлого гэж үзэж буй. Жагсагчид шинэ Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч Вучичийн эрх мэдлээ хадгалах гэсэн тактик хэмээн шүүмжилж, бодит шинэчлэл хийнэ гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсээр байна.
Одоогийн байдлаар оюутнуудын тэргүүлсэн эсэргүүцлийн жагсаал улс орон даяар үргэлжилж байгаа бөгөөд тэд авлигын эсрэг ил тод байдал, шударга ёс, ардчиллыг нэхэн шаардсаар байна. Жагсагчдын үзэж буйгаар, шинэ Ерөнхий сайд томилогдсон нь өөрөө хангалттай өөрчлөлт биш, харин тогтолцооны жинхэнэ шинэчлэл шаардлагатай байгаа аж.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн