Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээтэй холбоотой “орлогоо нотол, үгүй бол огцор” гэх нийгмийн шаардлага, залуусын тайван жагсаал 17 өдөр үргэлжилсэн. Нийтийн албан тушаалтны ёс зүйтэй холбоотой энэхүү асуудал яван явсаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх түвшинд хүрлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд заасан боломжоо ашиглаж, өөрт нь итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барив. Тэгвэл ирэх даваа гарагт буюу 2025 оны зургаадугаар сарын 2-ны өдөр УИХ-ын чуулган хуралдаж уг тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна.
Үүний өмнө 12.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг танилцуулах юм.
Итгэл хүлээлгэх эсэх талаар Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлд:
44.1. "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ".
44.2. "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж тус тус заасан байдаг.