Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Франц улс гадаа тамхи татахыг өргөн хүрээнд хориглолоо

Франц улс гадаа тамхи татахыг өргөн хүрээнд хориглолоо
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Францын Засгийн газар хүүхдүүд байж болох бүх төрлийн гадаах орчинд тамхи татахыг хориглох шийдвэр гаргажээ. Үүнд далайн эрэг, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн цэцэрлэг, автобусны буудал, спортын талбай, сургуулийн гадна талбай зэрэг газрууд багтсан талаар Эрүүл мэнд, гэр бүлийн асуудал хариуцсан сайд Катрин Вотрэн пүрэв гарагт мэдэгдсэн байна.
Хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс хэрэгжүүлж буй энэхүү шинэ журам долоодугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болох аж. Вотрэний хэлснээр “Хүүхэд байгаа газарт тамхи татах ёсгүй. Хүүхдүүдийн цэвэр агаар амьсгалах эрх тамхи татах эрх чөлөөнөөс илүү чухал” гэжээ.
undefined
Кафен гадаах террас дээр тамхи татаад удаан суух, эсвэл чулуун гудамжуудаар тамхи баагиулан алхах нь Францын онцлог гэж нэрлэгддэг ч сүүлийн жилүүдэд төрөөс тамхины хэрэглээнд тавих хяналтыг эрчимтэй чангатгаж байгаа юм.
Шинэ журамд зааснаар дээрх газруудад тамхи татсан тохиолдолд зөрчил гаргасан иргэд 135 еврогийн (ойролцоогоор 154 ам.доллар) торгууль төлөхөөр болжээ. Харин Францын нэрийн хуудас болсон кафен террасуудад энэ хориг хамаарахгүй. Мөн цахим тамхи буюу вейп одоогоор уг хязгаарлалтад хамрагдахгүй байгаа аж.
Франц улс өмнө нь ч нийтийн эзэмшлийн газруудад тамхи татахыг хориглосон байсан. Үүнд ажлын байр, нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал, тоглоомын талбай зэрэг газрууд орно. Гэсэн ч тамхины эсрэг бүлгүүд илүү өргөн хүрээтэй, тодорхой арга хэмжээ авахыг удаа дараа шаардсаар иржээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр Францын хүн амын 35 хувь нь тамхи татдаг нь Европын дундаж (25 хувь) болон дэлхийн дундаж (21 хувь)-аас өндөр үзүүлэлт юм. Тамхинаас үүдэлтэй өвчин, хүндрэлээс болж жил бүр ойролцоогоор 75,000 хүн амиа алддаг гэх тооцоо бий.
2023-2027 оны хугацаанд хэрэгжих “Тамхигүй ирээдүй” үндэсний хөтөлбөрт энэхүү хоригийг тусгасан бөгөөд 2032 оноос “тамхигүй шинэ үеийг” бий болгох зорилт дэвшүүлжээ. Гэсэн хэдий ч тамхины эсрэг байгууллагууд засгийн газар энэ зорилгыг хэрэгжүүлэх тал дээр хангалттай эрчимтэй ажиллахгүй байгааг шүүмжилсээр байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн