Open iToim app
Улс төр | 2 мин уншина

АН засгаас гарвал 1000 гаруй хүн ажилгүй болно гэж зарим гишүүн нь уурлажээ

АН засгаас гарвал 1000 гаруй хүн ажилгүй болно гэж зарим гишүүн нь уурлажээ
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 30
УИХ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэсэн ч АН засагт ажиллахгүй гэдгээ илэрхийлээд буй.
АН-ын дарга Лу.Гантөмөр “АН дахин засагт ажиллах яриа байхгүй. Энэ асуудалд цэг тавьсан. Үүссэн нөхцөл байдлыг шийдэх 2 арга бий. Нэг нь Ерөнхий сайд АН-ын найман сайдыг огцруулж, солих. Нөгөө нь АН-ын найман сайд өөрөө өргөдлөө өгөх ёстой. Үүнийг ярихаар Ерөнхий сайд "би УИХ-даа хандана" гэсэн тайлбар өгөөд байгаа. Одоо УИХ дээр томилсон Ерөнхий сайдынх нь асуудал яригдана. Харин хамтарсан Засгийн газрын асуудал яригдахгүй” гэсэн юм.
2024 оны УИХ-ын сонгуулийн дараа АН засагт хамтрахаар болж, найман сайдын суудал авсан. Найман яам, түүний харьяа газар агентлагт АН-ын хүмүүс томилогдож, зарим нь дөнгөж төрийн албанд жигдрэх шатандаа яваа. Тэгвэл АН-ын Үндэсний бодлогын хорооны зарим гишүүн "АН хамтарсан засгаас гарвал төрийн албан тушаалд томилогдоод буй 1000 гаруй хүн ажилгүй болно, ингэж хүний хувь заяагаар улс төр хийж болохгүй" гэж намын дарга болон Хамтарсан Засгийн эсрэг ажилласан бүлгийн гишүүддээ уурлажээ.
Мөн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг хамгийн их шүүмжилдэг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарт хариуцлага тооц гэх хэлэлцүүлэг ч АН дотор өрнөж байгаа аж. Ч.Лодойсамбуугаас бусад нь намын жагсаалтаар орж ирсэн бөгөөд тэд намын бодлого, мөрийг хөтөлбөрийг дэмжиж ажиллах байтал хувь улс төр хийж, хамтарсан Засгийн газрыг шүүмжилж, засгаас гарах байр суурийг байнга илэрхийлж ирсэн нь Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн эгдүүцлийг ихээр төрүүлэх болжээ. Ялангуяа хамтарсан Засгийн газрын гэрээний дагуу төрийн албанд томилогдсон хүмүүс “Намын ажлын зовлон жаргал ойлгохгүй. Гишүүдтэйгээ тулж ажиллах нь бүү хэл, хараад ярвайдаг хүмүүс гишүүдийнхээ хувь заяагаар тоглож байна. Найман жил гудамжинд явсан АН-д төрийн албаны шаардлагад тэнцэх хүнгүй шахам болсон. Хамтарсан Засгийн газрын гэрээний дагуу 1000 гаруй хүн ажилд томилогдсон нь бүгд халагдах болж байна. Энэ олон хүний хувь заяагаар хувийн улстөр хийж байгаад хариуцлага тооцъё” гэх зэргээр нам дотроо хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Түүнчлэн намын дэргэдэх байгууллагууд идэвхжиж, дээрх нэр бүхий гишүүдийн гаргаж байгаа хувийн амбицын асуудлаар намын эрх бүхий байгууллага болох Үндсэн дүрмийн хороо, намын дарга, генсектээ гомдол хүргүүлэхээр ярилцаж байгаа гэж эх сурвалж мэдээлэв.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн