Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Ж.Баярмаа: Ерөнхий сайд хүүхдийнхээ багшаар намайг мөнгө угаасан, 50 байр зарсан хүнд гэмт хэрэгт гүтгүүлж байна

Ж.Баярмаа: Ерөнхий сайд хүүхдийнхээ багшаар намайг мөнгө угаасан, 50 байр зарсан хүнд гэмт хэрэгт гүтгүүлж байна
Нийтэлсэн 0 минутын өмнө
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Засгийн газрын үйл ажиллагаанд удаа дараа шүүмжлэлтэй хандсаных нь төлөө нөхөр, ахыг нь АТГ шалгаж, байцаалт авсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Түүний нөхрийг өнгөрсөн лхагва гарагт АТГ-аас дуудан байцааж, орлогоо нотолж бичиг баримт бүрдүүлэхийг шаардсан бөгөөд баримтаа бүрдүүлж ирэхэд 24 цагийн ч хугацаа ч олгоогүй гэлээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмааг мөнгө угаасан, 50 байр зарсан гэсэн гомдлыг АТГ-т Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүхдийн төгөлдөр хуурын багш гарсан гэсэн мэдээлэл ирсэн гэсэн юм.
Тэрээр "Би Үндсэн хуулийн хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Үүнээс болж өнгөрсөн 10 сарын хугацаанд намайг байнга гүтгэж, харлуулж, дайрсан үйлдлүүд тасралтгүй үргэлжилсэн. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр хэт данхайсан төсвийг танах талаар байр сууриа илэрхийлж, тэмцэл өрнүүлсэн. Энэ асуудал анх дэмжигдээгүй ч Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьснаар дэмжигдэж, өнөөдрийн нөхцөл байдалд зөв шийдвэр байсан нь тодорхой болж байна.
Над руу чиглэсэн дайралтууд цаашлаад хүүхэд, бүр гэр бүл рүү минь хандсан. Манай нөхөр болон ахыг Авлигатай тэмцэх газарт дуудаж, шалгаж, хоёрхон хоногт орлогоо нотлохыг шаардсан.
Тавдугаар сарын 28-ны орой манай нөхрийг АТГ-т дуудаж байцаалт авч, маргааш өглөө 11:00 цагт орлогоо нотолсон бичиг баримт авчрахыг шаардсан. Гэтэл 20-30 жилийн амьдралын орлого, хөрөнгийн түүхийг нэг шөнийн дотор цуглуулна гэдэг боломжгүй зүйл юм. Энэ богино хугацаанд орлогоо нотолж амжаагүй учир хойшлуулах санал тавихад АТГ-аас "хугацаа чинь дууссан, дахиж баримт авахгүй, өөрөө ч ирэх хэрэггүй" хэмээн дарамталсан. Өөрөөр хэлбэл, манай нөхөрт хөрөнгө орлогоо нотлох боломж олгохгүй байгаа юм. Ажлын цагаас гадуур дуудан, маш богино хугацаанд бичиг баримт шаардаж мөн хойшлуулах хүсэлтийг ч хүлээж аваагүй.
Намайг 50 байр зарсан гэж гомдол гаргасан байна. Гэтэл тийм зүйл байхгүй. Мөнгө угаасан тохиолдол ч байхгүй. Би өнөөдрийг хүртэл төрд өндөр дээд албан тушаал хашиж байгаагүй учраас авлига аваагүй. Надад айх юм байхгүй. Намайг болон ах дүү, гэр бүлийг оролдож байгаа нь миний амыг хаах хэрэгсэл гэж бодож байна. Зөвхөн над дээр бус бусад улстөрчид дээр ийм арга хэрэглэж дуугүй болгодог. Би гэмт хэрэг үйлдээгүй ээ. Намайг яаж ч айлгах гээд нэмэргүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Намайг байр зарж, мөнгө угаасан гэж хүнд гэмт хэрэгт гүтгэх нь өөрөө гэмт хэрэг. Энэ гэмт хэрэгт намайг гүтгэсэн хүн бол Оюунцэцэг гэж хүн. Энэ хүн Ерөнхий сайдын хүүхдийн төгөлдөр хуурын багш гэсэн мэдээлэл ирсэн. Тэгэхээр өөрийнхөө хүүхдийн багшаар намайг гүтгэж харлуулаад, хэрэг тохно гэж байхгүй.
Гэхдээ Авлигатай тэмцэх газар гэдэг институцид итгэх ёстой. Монгол Улсад дарангуйлал тогтсоны нэг жишээ. Маш харамсалтай байна. Ар гэр рүү нь орж байна. Би зоригтой байна" гэсэн юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн