Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, шүүхээс хоёр жил зургаан сарын хорих ял оноосон билээ. Тэгвэл Улсын дээд шүүхээр Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургадугаар сарын 4-ний 09:00 цагаас Улсын Дээд шүүх хэлэлцэхээр товложээ.
П.Батчулуун эмч хорих 429 дүгээр ангид хоригдож байсан бөгөөд тавдугаар сарын 22-нд бие нь муудаж түргэн тусламжаар III эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн үед түүний охин Б.Хонгорзул цахим хуудастаа “Олон өвчин хавсарсан, сүрьеэгээр өвдсөн аав маань зүрхний үйл ажиллагаа алдагдсанаар өнөөдөр түргэнээр III эмнэлэгт хүргэгдчихлээ.
Даралт нь огцом хэлбэлзэж, байдал хүндрэхэд ХӨСҮТ-ийн зүгээс УГТЭ-рүү яаралтай шилжүүлсэн байна. Аав маань зүрхний булчингийн үйл ажиллагаа ердөө 30 хувь буюу зүрхний дутагдалтай гэж оношлогдоод хоёр сар илүү хугацаа өнгөрсөн байна. Анх хоригдоод удалгүй эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд орж байсан. Өнөөдөр дахиад түргэнээр очлоо. Тийм зүрхтэй хүнээс юу хүлээгээд, юу хүсээд байгаа юм бэ. Хүлээцтэй, уужуу байж Монгол төр, хуулийн цэх шударгад итгэхийг хичээж тэвчиж байна. Түргэнээр эмнэлэг рүү хүргэгдсэнийг сонсоод гэр бүлээрээ яаж айж, сандарч, залбирч байна. Хэрвээ аавд ямар нэгэн ноцтой зүйл тохиолдвол би болон манай гэр бүл, бид бүгд эцсээ хүртэл үзнэ шүү" гэсэн юм.
Хэргийг сануулахад, 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан А-гийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмгөний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэрэгт буруутгагдсан.
Монгол Улсад Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг 2018 онд байгуулсан бөгөөд үүнээс хойш 31 амьгүй донороос донор авч 100 орчим иргэнд суулгажээ. Үүнд 27 хүнд элэг, 45 хүнд бөөр суулгасан бөгөөд энэ иргэд өнөөдөр эрүүл саруул амьдарч байгаа аж.
Бусад улс оронд жолооны үнэмлэх анх авахад нь амьгүй донор болох эсэх асуумж авч тэмдэглэдэг байна. Харин манай улсад Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсанаас хойш донорын карт бий болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар 1000 орчим хүн донорын карт авсан гэсэн мэдээлэл байгаа юм. Гэхдээ П.Батчулуун эмчтэй холбоотой хэрэг үүссэнээс хойш амьгүй донор олдохоо больсон талаар УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах багийнхан онцлоод буй. Эрүүл мэндийн салбарынхан “П.Батчулуун эмч байгаагүй бол Монгол Улсад тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хөгжихгүй байсан. Энэ салбарын хөгжил цаашид эрсдэлтэй байдалд орсон”гэдгийг анхааруулсаар байна.