Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Он гарснаас хойш 100 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдэж, хохирлын хэмжээ 5 тэрбумд хүрчээ

Он гарснаас хойш 100 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдэж, хохирлын хэмжээ 5 тэрбумд хүрчээ
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 30
Улсын хэмжээнд 2025 оны тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 100 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Түймэр 12 аймгийн 59 сум, нийслэлийн 3 дүүрэгт гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар нэмэгдсэн байна. Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссоос өнөөдөр /2025.05.30-нд/ мэдээллээ. 
undefined
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр: Нийт 100 удаагийн ой хээрийн түймэрт урьдчилсан байдлаар нийт 632 мянга гаруй га талбай өртсөн бөгөөд үүний 65 мянга гаруй га нь ой, 566 мянга гаруй га нь хээрийн бүс нутаг байна. Мөн 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл шатаж, нийт хохирлын хэмжээ 5 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм.
Сүүлийн 10 хоногт буюу тавдугаар сарын 21-нээс хойш Дорнод, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт нийт 10 удаагийн түймэр гарч, тэдгээрээс тавыг нь бүрэн унтраажээ. Харин Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумын Хэрийн гол, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарсан гурван ойн түймэрт цурам гаргаж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм. Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Минжийн даваа болон Хэнтий аймгийн Батширээт сумын Бодончийн даваанд гарсан ойн түймэрт унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Түймрийн голомтод Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн болон холбогдох аймгуудын Онцгой байдлын газрын нийт 280 алба хаагч, 12 автомашин ажиллаж байгаа аж. Мөн Хил хамгаалах байгууллага, байгаль орчин, эрүүл мэндийн байгууллагууд, тусгай хамгаалалттай газар нутгийн албан хаагчид, сумдын мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын нийт 121 хүн, 15 автомашин, 17 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нийтдээ 401 хүн, 27 автомашин, 17 морьтойгоор ажиллаж байна.
Түймэр гарсан газруудын ихэнх нь автомашин очих боломжгүй, морин унаагаар 3-5 хоног явах шаардлагатай бүс нутагт байрлаж байгаа тул Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэрэг болон ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргийг ашиглан нөхцөл байдалд тандалт хийх, хүмүүс, хэрэгслийг хүргэх ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Ой, хээрийн бүс нутгаар хуурайшилт ихтэй, түймрийн эрсдэл буураагүй хэвээр байгаа тул иргэдийг ой, хээр рүү зорчихоос зайлсхийх, хашаа хороо, орчны өнжмөл өвс, хог хаягдлыг шатаахгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн