Улаанбурхан өвчний дэгдэлт Улаанбаатар хот болон аймаг, сумдад нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 4274-т хүрчээ. Үүнээс эмнэлэгт 551 хүн, гэрээр 938 хүн эмчлүүлж байгаа бол нийт 2793 хүн эдгэрчээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр, "Улаанбурхан гарлаа гээд бүх нийтээр нь карентилж, сургуулиар нь амраах буруу гэдгийг бид ковидын жишээнээс харсан. Цахим хичээл ямар үр дүнгүй байгаад хүүхдүүдэд ямар хоцрогдол үүссэнийг та бүхэн мэднэ. Бид голомтын хариу арга хэмжээгээ авч хяналтдаа аваад явж байгаа" гэв. Түүнчлэн, халдвараас үүдэлтэй нас баралтын тохиолдол хоёр болж нэмэгдлээ. Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр улаанбурхны халдвар авсан дахин нэг хүүхэд нас барсан харамсалтай мэдээ байна. Харамсалтайгаар эндсэн хүүхдийн хувьд дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй байсан гэдгийг эмч нар мэдээллээ. Мөн вакциндаа идэвхтэй хамрагдах шаардлагатайг анхаарууллаа.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа: Вакцин хийлгээгүй хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд богино хугацаанд хүндэрч, нас барах аюултай. Тиймээс товлолт вакцинд нь хүүхдүүдээ заавал хамруулахыг зөвлөж байна. Одоогоор мөн л 10-14 насныхан дунд халдварын тохиолдол хамгийн өндөр байна.
Дархлаажуулалтад хамрагдаагүй, эсвэл бүрэн тунд хамрагдаагүй хүүхдүүд өвдөх эрсдэлтэй. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ товлолын дагуу 9 сартайд нь болон хоёр настайд нь дархлаажуулалтад бүрэн хамруулахад нь анхаарах хэрэгтэй.
Хамрагдсан эсэхийг нь нягтлаад хэрэв ямар нэгэн шалтгаанаар товлолт вакцинаас хоцорсон бол сум, өрхийн эрүүл мэндийн төв дээр очоод 15 хүртэлх насны хүүхдэд нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна. Вакцинд хамрагдсан эсэхийг эх хүүхдийн ягаан дэвтэр дээр тэмдэглэсэн байдаг. Хамрагдаагүй бол өрхийн эрүүл мэндийн төвд хандах ёстой аж. Хэрэв батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон бол 72 цагийн дотор дархлаажуулах арга хэмжээнд хамрагдах шаардлагатайг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.