Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолм энэ оны сүүлээр албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн нь зах зээлийн анхаарлыг татаад байгаа билээ.
Гурван эх сурвалжийн мэдээлснээр энэ явдал түүний зардал танах зэрэг удирдах зөвлөлийн тэргүүлэх чиглэлүүдийг дагахаас цааргалсан хандлагатай холбоотой байсан аж.
Стаушолмын огцролтын талаарх албан ёсны шалтгаан дурдаагүй бөгөөд ямар нэгэн дуулиантай холбоогүй гэж эх сурвалжууд хэлжээ. Ройтерс агентлаг удирдах зөвлөлийн хэлэлцэж байсан асуудлуудыг мэддэг, эсвэл тэдгээрийн талаар мэдээлэл авсан, эсвэл компанийн удирдлагаас мэдээлэл сонссон зургаан хүнтэй ярилцжээ.
Стаушолм 2021 онд өмнөх захирлыг огцруулсны дараа компанийн хамгийн хүнд үед гүйцэтгэх захирлын албан тушаалд очсон. Дани гаралтай тэрээр компанийн дэлхий даяарх хөрөнгийн бүтэцтэй танилцах аяллаар ажлаа эхэлсэн бөгөөд Антарктидаас бусад бүх тивд үйл ажиллагаатай байв.
Түүний амжилтад хүрсэн алхмуудын нэг нь Гвиней болон Монгол дахь харилцааг сайжруулж, төмрийн хүдэр, зэсийн томоохон төслүүдийг үр дүнд хүргэсэн явдал байлаа. Мөн өнгөрсөн жил литийн чиглэлд гурван том хэлцэл хийжээ.

Якоб Стаушолм
Гэвч амжилт нь нэмэгдэхийн хэрээр Стаушолм удирдах зөвлөлийн саналд илүү эсэргүүцэлтэй хандаж, зарим боломжит саналыг “дэндүү хурдан” үгүйсгэх болсон гэж эх сурвалж онцолсон байна. Тухайлбал, Glencore компанитай нэгдэх талаар өнгөрсөн жил дэвшүүлсэн санаачилгыг шууд татгалзсан аж. Мөн Британи дахь хамгийн том хувьцаа эзэмшигч болох Chinalco-ийн эзэмшлийн асуудлыг дахин авч үзэх шахалт ирж байсан ч тэрээр дэмжээгүй байна.
Удирдах зөвлөл Стаушолмын хөрөнгө оруулалт, стратегийг ерөнхийд нь дэмжиж байсан ч өсөж буй зардлыг ойрын хугацаанд хянах шаардлагатай гэж үзжээ. Сүүлийн жилийн тайланд дурдсанаар, компанийн нийт ажилтны тоо 2021 оноос хойш 22 хуваар өсөж, 60,000 орчимд хүрсэн ч, орлого нь 10 тэрбум ам.доллараар буурсан байна. Төмрийн хүдрийн үнэ ойрын жилүүдэд цаашид буурах төлөвтэй байгаа юм.
Удирдах зөвлөл зардал танах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийг Стаушолмоос шаардаж байсан ч тэр эсэргүүцсээр, эцэст нь хоёр тал харилцаагаа таслахаар болсон гэж гурван эх сурвалж мэдээлэв.
“Бусад бүх зүйл хэвээр үлдэнэ. Удирдах зөвлөл өсөлтийн боломж, литийн хөрөнгө оруулалт, стратегид сэтгэл хангалуун байгаа. Зөвхөн зардалд илүү төвлөрөх шаардлага байсан” гэж нэг эх сурвалж дурдсан байна.
Зарим хөрөнгө оруулагч литийн зах зээлийн уналтын үед 6.7 тэрбум ам.долларын Arcadium худалдан авалтыг хэт өндөр өртөгтэй гэж шүүмжилсэн. Түүнчлэн энэ сарын эхээр Чилид хоёр төсөлд 1 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан нь маргаан дагуулсан. Лити зах зээл одоогоор уналтад орсон ч ирэх арван жилд эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа.
Компанийн дотоод зардлын асуудал эртнээс хөндөгдөж байсан бөгөөд Австралид болсон удирдлагын уулзалтаар санхүүгийн захирал Питер Каннингэм энэ талаар анхааруулжээ. Гэсэн ч Стаушолм өөрийгөө стратегич манлайлагч гэж үзэж, зардал бууруулагч биш байсан нь удирдах зөвлөлийн хүлээлттэй зөрчилдсөн байна.
Эх сурвалжууд “Рио Тинто гайхалтай баялагтай ч, хэтэрхий данхайсан бюрократ бүтэцтэй. Ажил хийхгүй хүмүүсээр дүүрсэн. Энэ байдлаараа тогтвортой байж чадахгүй” гэж нэмжээ.
Компани дотроос дараагийн гүйцэтгэх захиралд нэр дэвшиж буй хүмүүсийн дунд Арилжаа, бизнес хөгжлийн захирал Б.Болд, Төмрийн хүдрийн группийн гүйцэтгэх захирал Саймон Тротт, Хөнгөн цагааны группийн Гүйцэтгэх захирал Жером Пекресс нар багтаж байна. Эх сурвалжуудын хэлснээр Пекресс зардал хэмнэлтийн чиг баримжаатай менежментийн хэв маягтай тул давуу талтай байж магадгүй аж.