“20 минутын хот” концепцын анхны жишиг болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг өнөөдөр /2025.05.29-нд/ эхлүүллээ. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд бүтээн байгуулалтын ажил явагдах бөгөөд 13 мянган айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Энэхүү бүтээн байгуулалт нь 3, 4-р хороолол дээр нэмэх нь 1-р хороололтой тэнцэхүйц хэмжээтэй юм. Энэхүү бүтээн байгуулалтыг 24 сарын хугацаанд хийж дуусгах төлөвлөгөөтэй байгааг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар илэрхийллээ.
Наймдугаар сарын 1-ээс Сэлбэд хотод оршин суух иргэдийн захиалгыг авч эхэлнэ.
Тэрээр “Энэ талбайд нийт 13 мянган айлын орон сууц босгохоор төлөвлөсөн. Үүний 10,100 айлын орон сууцыг тендерт шалгарсан компани гүйцэтгэнэ. Харин 3000 айлын барилгыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн дагуу дотоодын аж ахуй нэгж байгууллагууд хийж гүйцэтгэхээр байгаа. 20 минутын хот концепцын хүрээнд хийгдэж буй хамгийн анхны хот бол Сэлбэ дэд төв юм.
Сэлбэ дэд төв нь дотроо сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагатай байна. Мөн эмнэлэг, соёл үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний байгууламжтай байхаар төлөвлөсөн. Түүнчлэн Улсын циркийг Сэлбэ дэд төв дотор барихаар төлөвлөсөн юм. Үүний санхүүжилт улсын төсөв дээр тавигдана. Одоогоор энэ газарт хоёр ЕБС байгаа. Нэмж гурван кембрижийн хөтөлбөртэй сургууль орж ирнэ. Үүнээс гадна таван цэцэрлэг нэмж барихаар төлөвлөсөн. Зүүн талаар Сэлбэ гол урсаж байгаа. Сэлбэ голыг шинээр өргөсгөж цөөрөм болгон тохижуулна. Сэлбэ голын эргээр нь иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх байгууламж барих юм.
Хэрэглээний дундын тог, эрчим хүчийг хэмнэх үүднээс сэргээгдэх эрчим хүчний хувилбаруудыг оруулж ирсэн. Мөн хэрэглээний усыг зэс турбагаар тоноглохоор зураг төсөлдөө тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, 20 минутын хотыг бүтээж чадвал энд амьдрах хүмүүс заавал хотын төв рүү хүүхдээ сургуульд хүргэж өгөх гэж, эрүүл мэндээ үзүүлэх гэж, соёл болон бусад худалдаа үйлчилгээ авахаар төв руу явах шаардлагагүй болох юм. Наймдугаар сарын 1-ээс Сэлбэд хотод оршин суух иргэдийн захиалгыг авч эхэлнэ.
Би Монгол Улсынхаа хуулийг дагах үүрэгтэй. Монгол Улсын Тендерийн тухай хуульд сүүлийн гурван жилийн борлуулалтын орлогын 30-50 хувиар жишиг тавьж тендерт шалгардаг. Тендерийн хууль зөрчиж тендерт шалгараагүй компанийг оруулж ирэх боломжгүй юм. Асуудал үүсгэж буй шалтгааныг УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханы хамаарал бүхий компани нь тендерт шалгарч чадаагүй болохоор бухимдлаа илэрхийлж ийм үйлдэл хийж байгаа гэж үзэж байна” гэлээ.
China Construction Sixth Ergineering Bureau Corp Ltd ХХК-ийн захирал Тиан Гуо Ин: Манайх Хятадын хөрөнгө оруулалттай барилга угсралтын томоохон компани юм. Сэлбэ дэд төв төслийг 2027 оны дөрөвдүгээр сарын 2-нд амжилттай хийж дуусгана гэдэгтээ итгэлтэй байна. Монголын туслан гүйцэтгэгч компаниудтай хамтарч ажиллах болно. Энэхүү төсөлд Хятад улсаас ажилчид оруулж ирнэ. Мөн монгол иргэдийг ажлаар хангаж, 60-70 хувийн ажилчдыг Монголоос авна гэж төлөвлөсөн.
Нийслэлийн орон сууцны корпорацын гүйцэтгэх захирал М.Говьсайхан: Сэлбэ дэд төв 20 минутын хот төслийн хувьд анх удаагаа 158 га газарт буюу томоохон хэмжээний газарт төлөвлөлт хийгдэж буй төсөл юм. Мөн 20 минутын хот гэх концепцыг агуулж байгаа нь төрийн үйлчилгээ болон бусад нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор иргэд авах боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа анхны томоохон төсөл гэж хэлж болно. Олон улсын жишгийн дагуу ундны усандаа зэс хоолой ашиглаж эрүүл ахуй талаасаа илүү чанартай технологи ашиглаж байгаагаараа онцлогтой.

СБД 11-р хорооны оршин суугч Ч.Төмөртогоо: Өмнө нь энд амьдарч байсан газраа зараад 10 жил өнгөрсөн байна. Түрүүчийн айлуудаасаа эхлээд орон сууцандаа ороод явж байгаа. Нөгөө хэсэг айлууд нь ашиглалтад орох орон сууцаа хүлээгээд байж байна. Нийслэлийн орон сууц корпорацын удирдлагууддаа их баярлаж байгаа. Өнөөдөр ийнхүү бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаад баяртай байна. Удирдлагууд нь гэр хорооллын айлуудын газрыг ямар ч асуудалгүй төлбөрийг нь бүрэн төлөөд гэрээгээ байгуулсан юм.
СБД 14-р хорооны оршин суугч З.Энхсайхан: Өнөөдрийн үйл ажиллагаанд сэтгэгдэл их өндөр байна. Их сайхан бүтээн байгуулалтын ажил явагдаж сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Ийм сайхан 20 минутын хот гэх бүтээн байгуулалтын ажил явагдахаар болсныг мэдээд болж өгвөл өөрөө эндээ ирж суурьших төлөвлөгөөтэй байна даа.
Эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалт болох 4400 айлын орон сууцыг 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд барих юм. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил ийнхүү эхэлж байна.