Азийн хөгжлийн банк 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн гэрээнд Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин болон Сангийн сайд Б.Жавхлан нар гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэлийн хүрээнд гурван үндсэн чиглэлд илүү төвлөрч байгаа аж. Үүнд:
Хүртээмжтэй бөгөөд төрөлжсөн эдийн засгийн өсөлт,
Тогтвортой хөгжил, тэсвэртэй байдлыг сайжруулах,
Чадавхийг бэхжүүлж боломжийг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна.
Үүний хүрээнд засаглал, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээг сайжруулах, цахимжуулалтыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд тэр дундаа охидыг чадавхжуулах ажлыг дэмжинэ.
Азийн хөгжлийн банкны тэргүүлэх чиглэлд Монгол Улсын төрийн салбарын менежментийг сайжруулна. Хувийн хэвшлийн хөгжлийг түлхүү нэмэгдүүлнэ. Ингэхдээ бодлогын шинэчлэлийн арга хэмжээг зохион байгуулна, төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ, бүс нутгийн холболтыг дэд бүтэц, логистикийн хөрөнгө оруулалтаар дамжуулан өсөлтийг бий болгоно.
Түүнчлэн, тэсвэр сайтай дэд бүтцийг нэмэгдүүлнэ, ногоон хөрөнгө оруулалтыг сайжруулна. Мөн хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдал зэрэг гамшгийн бэлэн байдлыг цогц байдлаар сайжруулахад анхаарах аж.
Дэд бүтэц талдаа Улаанбаатар хотын гэр хороолол, аймгийн төвүүдэд хөрөнгө оруулалт хийнэ. Мөн дагуул хотуудын хөгжилд анхаарах юм байна.
Эрчим хүчний салбарын бодлогын тогтолцоог сайжруулна. Ингэхдээ сэргээгдэх эрчим хүчний төвийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ, цахим технологийг ашиглан шугам сүлжээг илүү ухаалаг болгоно.
Боловсролын салбарт мэргэжлийн боловсролыг сайжруулна. Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй илүү уялдуулж өгнө.
Эрүүл мэндийн салбарт хөдөө орон нутаг дахь эрүүл мэндийн хүртээмжийг илүү сайжруулах тал дээр анхаарах аж. Ялангуяа яаралтай болон анхан шатны тусламж үйлчилгээнд илүү анхаарна.
Нийгэм хамгааллын талдаа илүү дасан зохицох чадварыг сайжруулна. Мөн хөдөлмөрийн зах зээлийг дэмжсэнээр халамжийн хамаарлыг бууруулна.
Азийн хөгжлийн банкны зүгээс дээрх зорилтыг Засгийн газрын зээл, тусламж болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дамжуулан хэрэгжүүлэх аж. Түүнчлэн, 2025-2028 оны түншлэлийн стратегид чухал ашигт малтмалын салбарыг тусгаж өгснөөрөө Монгол Улсын бүс нутагт анхдагч болж байна.