Ерөнхий сайдын хүү орлогоо нотлох тухай асуудал нь даамжирч улс төрийн асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн асуудлаа намын, УИХ-ын зовлон болголоо гэж зарим судлаач дүгнэж байна. Улс төрийн одоогийн нөхцөл байдлын тухай судлаач Э.Сундуйгаас тодрууллаа.
-Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай асуудал яригдаж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Юуны өмнө мэргэжлийн ёс зүйн асуудал яригдана. Улстөрчийн ёс зүй бол анхан шатны ёс зүй байх ёстой. Үүгээр нь бусад мэргэжлүүд ёс зүйн асуудлыг баримжаалах ёстой юм. Ерөнхий сайдад ёс зүйн асуудал байгаа бол Засгийн газрын тухай хуулийн 22.1-д заасан өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөх ёстой. Хуулиараа Ерөнхий сайд шалгуулах ёстой юм. Ийнхүү чөлөөлөгдөхгүй байгаа тохиолдолд нэг талдаа намын зовлон, нөгөө талдаа УИХ-ын зовлон болж хувирч байна. Энэ асуудалд УИХ хариулт өгөх шаардлага үүсэж байна. Цаашлаад нийт иргэдийн асуудал болж байгаа юм. Иргэд УИХ-ыг ямар шийдвэр гаргахыг харж байна гэсэн үг шүү дээ.
-Хэрвээ УИХ Ерөнхий сайдад итгэл хүлээлгэнэ гэвэл юу болох бол?
-УИХ-ын нийт гишүүдийн олонхоор энэ асуудлыг шийдэх ёстой. Итгэл хүлээлгэнэ гэх ойлголтыг албан ёсоор тавиагүй тул сайн мэдэхгүй байна. Үндсэн хуульд зааснаар бол итгэл хүлээлгэх саналыг бодлогын асуудлаар тавих ёстой. Бодлогын ямар асуудал байж болох вэ гэвэл Хамтарсан Засгийн газар цаашдаа үргэлжлэх эсэхийг шийдэх нь бодлогын асуудал байж болно. Хэрэв тэгвэл УИХ-ын нийт гишүүдийн олонхоор буюу 64 гишүүн нэг талдаа гарч асуудлыг шийдэх ёстой гэсэн үг. Энэ тал дээр УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлэх нь их сонирхолтой байна. МАН АН-ыг Хамтарсан Засгийн газарт байх шаардлагагүй гээд шийдвэрээ гаргачихлаа. Ийм үед АН ямар шийдвэр гаргах бол. Бид нар сөрөг хүчний үүргээ хийж чадахгүй, МАН-тай хамт гэх үү эсвэл сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх үү? Тэд сонгогчдынхоо өгсөн 42 суудлыг юу гэж бодож байгаа бол. Нөгөө асуудал нь МАН-ын Бага хурлын гаргасан шийдвэр юм. МАН-ын Бага хурлын шийдвэрийг МАН-ын дарга, удирдах зөвлөл нь дагах эсэхээ хариулах хэрэгтэй. Энэ нь намын бүтцээ нэг талдаа сорьж байна гэсэн үг юм.
-Эхэндээ Ерөнхий сайдын хүүгийн орлогоо нотлох тухай л асуудал байсан. Яагаад УИХ, нийтийн асуудал болов. Та судлаач хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Энэ асуудлын хамгийн наад талд нь ёс зүйн асуудал яригдаж байгаа боловч цаана нь олон асуудлууд бий. Авлига, ашиг сонирхолтой холбоотой маш олон асуудал байгаа гэж хардаж байна. Тиймээс л одоогийн олон асуудлууд үүссэн гэж болно. Ерөнхий сайдад ямар ч асуудал байгаагүй бол түдгэлзүүлээд шалгуулчих байсан. Л.Оюун-Эрдэнэ улстөрч хүнийхээ хувьд дараа дараагийнхаа улс төрийн замналыг барьцаалж байна гэсэн үг. Энэ асуудал удах тусмаа иргэдийн итгэл алга болж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдынхаа хувьд легитм чанар гэж байх ёстой. Гэвч Ерөнхий сайдын хувьд хүлээн зөвшөөрөгдөх чадвараа алдаж эхэлж байна. Ерөнхий сайдад маш том ашиг сонирхол үйлчилж байна гэж хардаж байна.
Ерөнхий сайдын ёс зүйн асуудлыг Ёс зүй дэгийн байнгын хороогоор болон Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэх ёстой. Харин МАН Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцэх ёстой юм. Төр засагт бүтэц нь огт ажиллахгүй байна.
-Улстөрчид “Огцрох амархан” жагсаалыг нэг л үл тоогоод байх шиг байна. Магадгүй хүний тоо цөөн учраас ач холбогдол өгөхгүй байна уу?
-Өргөдөл авдаг D-Parlament дээр маш олон хүн Ерөнхий сайдад хариуцлага тооцох тухай өргөдөл явуулсан ч хүлээж аваагүй. Тиймээс 150 мянган хүн цаасан дээр гарын үсгээ зураад өргөдлөө өгсөн. Үүнийг цөөхөн хүн гэж үзэх боломжгүй. Жишээ нь, би найм дахь хоногтоо жагсаж байна. Бүх өдөр оролцохыг хүссэн ч ажил гараад ирж чадаагүй өдрүүд бий. Нэг өдөр жагсаад дараа нь боломжгүй болоод ирж чадаагүй хүмүүс их байгаа. Тиймээс иргэдийн үзэл бодлыг цөөхөн, бага гэж хэзээ ч авч үзэж болохгүй. Хувь хүнийх нь мөн чанарт итгэх ёстой. Ерөнхий сайдад хариуцлага тооцох 150 мянган хүний гарын үсэгтэй өргөдөл үзэл бодлоо хангалттай илэрхийлсэн гэж бодож байна.
-Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд өөрөө санал болгож томилдог. Өөрийнхөө томилсон хүнээр шалгуулна гэдэг шударга зүйл үү?
-Хуулиараа Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн даргыг Ерөнхий сайд УИХ-д санал болгож батлуулдаг. Одоогийн Авлигатай тэмцэх газрын даргыг энэ өвөл Ерөнхий сайд өөрөө томилж итгэл хүлээлгэсэн. Дэлхийн нийтийн жишгээр бол өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаа өгөөд огцрох ёстой. Одоо Авлигатай тэмцэх газар юу гэж хэлсэн ч ард түмэн итгэхээргүй байна. Ерөнхий сайд өөрөө ард түмнийг төрийн болон хууль хүчнийхээ байгууллагад итгэхээргүй болгож байгаа юм. Цаашлаад УИХ-ын хяналт тэнцлийг ч алдагдуулж байна. УИХ бол төлөөлөх үүрэгтэй. Мөн Засгийн газарт хяналт тавих үүрэгтэй юм. Энэ үүргийг нь үгүйсгэх хэмжээнд хүрээд байна. Нэг талдаа намын зовлон, нөгөө талдаа төрийн зовлон болж байгаа юм.