Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений төрийн айлчлал өндөрлөлөө.Тавдугаар сарын 26-нд Австрийн ерөнхийлөгчийг гэргийн хамт төрийн ёслолын дагуу угтах ёслолыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл хийсэн. Австрийн Ерөнхийлөгчийн айлчлал нь төрийн дээд түвшний айлчлалд тооцогдох бөгөөд угтан авахаас эхлээд бүх үйл явц Төрийн ёслолын журам заасан дипломат дэг жаягийн дагуу явагддаг. Дипломат ёслолын дагуу Монгол Улсад төрийн айлчлал хийж буй гадаадын улсын төрийн тэргүүнд Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар бараалхах ёстой бөгөөд зочны байрлаж буй өргөө, эсвэл хоёр тал тохиролцсоны дагуу Төрийн ордонд хийж болохоор тусгасан байдаг. Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд тавдугаар сарын 27-ны өдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн ордонд бараалхсан. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Австрийн Ерөнхийлөгчид бараалхсангүй. Зарим тохиолдолд УИХ-ын дарга, Ерөнхий сайд дотоод болон гадаадад томилолтой, мөн эрүүл мэнд болон хүндэтгэх үзэн шалтгааны улмаас Монгол Улсад айлчилж буй гадаадын улсын төрийн тэргүүнд бараалхаагүй тохиолдол гарч байсан. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд МАН-ын Бага хурал болсноос хойш Төрийн ордонд үзэгдээгүй, олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй, мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас чөлөө авсан байдалтай байна. Зарим албан бус эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд эх орондоо байхгүй, БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явсан гэх мэдээлэл байгаа юм.