Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

Сэлбэ дэд төвийн гүйцэтгэгчийн тендерийг цуцлахгүй бол үндэсний барилгачид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

Сэлбэ дэд төвийн гүйцэтгэгчийн тендерийг цуцлахгүй бол үндэсний барилгачид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 28
Сэлбэ дэд төвийн тендерт монгол компаниудыг оролцуулах талаар 14 төрийн өндөр албан тушаалтан, улс төрд суудалтай таван намд хоёр дахь удаагаа шаардлага хүргүүлж байна гэдгээ Монголын барилгачдын нэгдсэн холбооноос мэдээллээ. Тэд өмнө нь 2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд мэдээлэл хийж байсан. Сэлбэ дэд төвийн барилга, орон сууцны тендерт Хятадын 15 компани шалгарсныг эсэргүүцэж байгаагаа дахин мэдэгдлээ.
Холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар: Бидний өмнөх шаардлагын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зэрэг гурван субъект үндэсний компаниудаа дэмжих тал дээр хариу өгсөн. Ерөнхийдөө улс төрийн хүрээнд болон олон нийт гээд энэ асуудал дээр олонх нь  санал нийлж байгаа. Иймд шаардлагынхаа хоёрдугаар хувилбарыг явуулна. Энэ бол ганцхан барилгачдын асуудал биш. Нийслэлийн иргэдийн татварын орлогыг барьцаалж босгосон Монголын талаас эх үүсвэр нь гарсан бонд. Сэлбэ дэд төвөө барьж байгуулахаас гадна төрийн Монголынхоо ААН-үүдийг ажилтай, орлоготой байх бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хангах маш чухал шийдвэр гаргах түүхэн цаг үе тохиож байна. Үүнийг хэрэгжүүлж өгөөч гэж бид төрөөс шаардаж байгаа.
Нийслэлийн удирдлагатай уулзалт хийсэн ч санал нийлээгүй. Яагаад гэвэл хятад компаниуд тендерт шалгарсан болохоор дотоодын компаниудын 20 хувийн оролцоог хангая гэсэн. Нийслэлийн зүгээс төслийн менежментийн үед удирдахад хэцүү учраас олон жижиг тендер зарлах боломжгүй гэсэн эх орны эрх ашгийг уландаа гишгэсэн хариулт өгөөд байгаа. Иймээс хамтарч ажиллах санамж бичгийг хүлээн зөвшөөрөөгүй. Маргааш Сэлбэ дэд төвийн нээлтийг хийх гэж байна. Хятад хоёр компани их наядын тендерийг авах юм уу. Шаардлага хангасан Монголын 30-40 компани тухайн ажлыг хийх үү гэдэг шийдвэрийн өмнө байна.
Яагаад монголчууд удирдаад Хятадуудыг дороо ажиллуулж болдоггүй юм бэ. Яагаад Хятадууд нь дээр монголчууд удирдлагад нь ажиллах гээд байгаа юм бэ. Тендерт шалгарсан хятад компаниуд монгол компаниуд руу хамтарч ажиллахаар ярьж байна.
Бид Хятадыг эсэргүүцээд байгаа юм биш. Монгол, Хятад улс 3000 жилийн турш худалдаа наймаа хийж ирсэн ард түмэн. Монголын дараагийн үеийн барилгачид салбартаа эзэн нь болж бизнес хийх орон зайтай байж чадах уу гэдэг том асуултын өмнө ирээд байна. Мега төслийг дагасан авлигын өмнө тэмцэл хийж байгаа. Барилгачид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж ажилтай, орлоготой, сэтгэл хангалуун амьдралтай, эх орондоо эзэн байх, үр хойч, дараагийн үеийн үүргээ биелүүлэхийг хүсэж байна. Иймд амь нас, эрүүл мэндээ үл хайхран тэмцэх болсноо мэдэгдэж Монголын төрөөс:
  1. Сэлбэ дэд төвийн I, II-р багцын гэрээг цуцлуулах,
  1. Сэлбэ дэд төвийн III, IV-р багцын тендерт гадаадын компани оролцох нөхцөлийг хаах,
  1. Сэлбэ дэд төвийн III, IV-р багцын тендерийн бичиг баримтад заасан өндөр шалгууруудыг мэргэжлийн холбоодтой, барилгачидтай зөвшилцөн бууруулж, монгол ААН-үүдийг оролцох боломжийг төрийн бодлогоор дэмжихийг шаардаж байна.
Монгол ААН-үүд нэгдэж Сэлбэ дэд төв болон цаашид зарлагдах томоохон төслүүдэд нэгдсэн байдлаар улсынхаа бүтээн байгуулалтад оролцох сонирхлоо илэрхийлсээр байна. Тиймээс шаардлагын хариуг 48 цагийн дотор өгөөгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэр сонгоно. Тодруулбал, жагсаал, эсэргүүцэл хийх, өлсгөлөн зарлах зэргээр тэмцэнэ. Монголын барилгын салбарын 100 жилийн түүхэн ой тохиож байхад салбарынхныг үл тоосон, доромжилсон, дорд үзэж үндэсний эрх ашгаа уландаа гишгэж байгаа Нийслэлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шаардлагаа УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгийн газрын туслах, зөвлөхүүдийг дуудаж хүргүүлнэ. Маргаашнаас эхэлж шаардлагын хариуг нэхэж жагсаал, цуглаан хийнэ. Сэлбэ дэд төвийн нээлтэд очиж эсэргүүцэл илэрхийлнэ.

 
 
 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн