Алт хөрөнгө оруулагчид, наймаачид төдийгүй Төв банкуудын анхаарлын төвд улам бүр орж байна. Эртнээс санхүүгийн үнэт зүйл хэмээн хэрэглэгдэж ирсэн энэ үнэт металл үнийн огцом өсөлт, уналтаараа алдартай.
2025 оны гуравдугаар сараас хойш хөрөнгө оруулагчид алтны эзэмшлээ нэмэгдүүлж эхэлсэн нь эдийн засгийн тогтворгүй байдал, зах зээлийн савлагаанд тавьсан болгоомжлолтой холбоотой. Харин урт хугацаанд Төв банкуудын олон жилийн эрэлт нь алтны үнийг улам өндөрт хүргэнэ гэж Goldman Sachs Research үзэж байна.
Урт хугацааны өсөлтийн түүх: Төв банкуудын алт худалдан авалт
“Урт хугацаанд алтны үнийг өсгөх гол хүчин зүйл бол Төв банкууд их хэмжээгээр худалдан авч буй явдал. Бид энэ үйл явц хамгийн багадаа дараагийн гурван жилд үргэлжилнэ” хэмээн Goldman Sachs-ийн судлаач Лина Томас хэлжээ.
Goldman Sachs Research-ийн мэдээлснээр, 2022 оноос хойш Лондоны OTC зах зээл дээр төв банкуудын алт худалдан авалт таван дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн хөгжиж буй орнуудын Төв банкууд алтны нөөц багатай тул, хөгжингүй орнуудтай тэнцэхийн тулд эрчимтэй худалдан авалт хийж байгаа аж. Жишээлбэл, Хятадын нөөцийн 10 хувиас бага нь алт бол АНУ, Герман, Франц, Итали зэрэг орнуудад энэ үзүүлэлт 70 хувь давсан байдаг.
Лина Томасын хэлснээр “2022 оноос хойш гол худалдан авагч нь зөвхөн Төв банкууд байсан бол, одоо ETF хөрөнгө оруулагчид ч алтны өсөлтөд нэгдэх болсон. Хоёулаа нэг зах зээл дээр өрсөлдөж байгаагаас алтны үнэ улам өснө гэж бид харж байна” гэв.
АНУ-д ч гэлтгүй олон улсын хэмжээнд алт сонирхогчид нэмэгдэж байна. Дэлхийн алтны зөвлөлийн мэдээлснээр, 2025 оны эхний улиралд дэлхийн хэмжээнд 257 тонн алтан гулдмай худалдан авсан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 13 хувиар өссөн үзүүлэлт юм.
Дэлхийн алтны зөвлөлийн зах зээлийн стратегич Жо Каватони “АНУ-ын эдийн засгийн сул дорой байдал, төсвийн алдагдал, өрийн асуудал, ам.долларын ирээдүйд итгэх итгэл суларч буй зэрэг нь алтны эрэлтийг нэмэгдүүлж байна” хэмээжээ.
2025 онд Google хайлтад “gold bars” буюу “алтан гулдмай” гэсэн үг огцом өссөн нь Канад, Мексикт тавьсан тариф болон Moody’s агентлаг АНУ-ын өрийн үнэлгээг бууруулсан зэрэг үйл явдлуудтай шууд холбоотой байжээ. Алтны үнэ энэ онд л гэхэд 25 хувь өссөн юм.
2025 оны тавдугаар сарын байдлаар алтны зах зээлд үнэ өсөх хандлага давамгайлж байна. Олон шинжээч, судлаачид энэ хандлагыг баталж байгаа бөгөөд дараах онцлох санаануудыг хүргэж байна.
Питер Шифф (Эдийн засагч):Төв банкууд криптовалютын оронд алтыг илүүд үзэх болсон талаар анхааруулжээ. Тэд алтыг илүү тогтвортой, найдвартай хөрөнгө гэж үзэж байгаа нь ам.долларын ноёрхолд эргэлзэх хандлагатай холбоотой.
Жони Тевес (UBS-ийн үнэт металлын стратегич):Алтны талаар эерэг байр сууриа хадгалж, хөрөнгө оруулалтын төрөлжилт нь үнэ өсөх үндсэн хөшүүрэг хэвээр байна гэж үзжээ. Тэрээр алтны зах зээлд орох боломж хангалттай бөгөөд эрсдэл нь өсөх чиглэлтэй гэж онцолсон.
Санхүүгийн томоохон байгууллагуудын өөдрөг таамаг
Алтны үнэ 2025 оны үлдсэн хугацаанд өсөлтөө хадгална гэх хүлээлт томоохон санхүүгийн байгууллагуудын дунд нэгдмэл байр суурь болоод байна.
Goldman Sachs: Алтны үнийн таамгаа 2025 оны эцэс гэхэд унц нь 3,700 ам.доллар байна гэж шинэчилсэн. Үүний шалтгаанд Төв банкуудын үргэлжилсэн худалдан авалт, геополитикийн эрсдэл дунд алтны “аюулгүй хөрөнгө” гэсэн үүрэг, АНУ-ын долларын сулрал, хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэргийг нэрлэжээ.
J.P. Morgan: 2025 оны хоёрдугаар хагас гэхэд алтны үнэ 4,000 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна. Энэ нь геополитикийн тодорхойгүй байдал нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын аюулгүй хөрөнгөнд хандах эрэлт эрс нэмэгдэж байгаатай холбоотой.
ANZ банк: Алтны үнийг 2025 оны эцсээр унц нь 3,600 ам.доллар байна гэж үзэж байгаа бөгөөд санхүүгийн зах зээл дээрх эрсдэлээс зугтах хандлага нэмэгдэж, Ази тивд алтны эрэлт өсөж буйг үндсэн шалтгаан болгон дурджээ.
Saxo банк: Алтны үнийг 3,500 ам.доллар гэж таамаглаж байгаа бөгөөд нийлүүлэлт бага хэвээр байгаа энэ үед төв банкуудын хуримтлал нэмэгдэж, “доллароос ангид” эдийн засгийн чиг хандлага алтны зах зээлийг дэмжиж байна гэж үзэж байна.
Төв банкууд болон “аюулгүй хөрөнгө” гэсэн хэрэгцээ өсөлтийг дэмжиж байна
Алтны үнийн өсөлтийг дэмжиж буй хамгийн том хүчин зүйлсийн нэг бол дэлхийн Төв банкуудын тасралтгүй худалдан авалт юм. Хятад, Энэтхэг, Турк зэрэг улс АНУ-ын долларт хэт хамааралтай байдлаа бууруулах зорилгоор алтны нөөцөө эрчимтэй нэмэгдүүлж байна. Сүүлийн үеийн тайлангуудаас харахад Төв банкууд нийт дүнгээрээ цэвэр худалдан авагч хэвээр байгаа бөгөөд энэ хандлага удаан үргэлжилнэ гэж үзэж байгаа аж.
Мөн алтны ETF буюу хөрөнгө оруулалтын сан болон физик худалдан авалт нэмэгдсээр байна. Эдийн засгийн тодорхойгүй үед алт нь инфляц, хямрал, мөнгөний үнэгүйдэл зэрэг эрсдэлийн эсрэг найдвартай хамгаалалт хэвээр байна гэсэн үг.
Эдийн засгийн болон геополитикийн хурцадмал байдал өсөлтийг дэмжинэ
Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал алтны өсөлтийг үргэлжлүүлэн дэмжиж байна. Инфляц анх таамаглаж байснаас удаан хугацаанд үргэлжилж, эдийн засгийн өсөлт саарч байгаа нь АНУ-ын Холбооны нөөцийн систем зэрэг төв банкуудыг зөөлөн мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд хүргэж болзошгүй. Хүүгийн түвшин буурвал алт хадгалах боломжийн зардал багасдаг тул алтны эрэлт нэмэгдэх хандлагатай.
Үүн дээр нэмэгдээд дэлхий даяар улам бүр нэмэгдэж буй геополитикийн хурцадмал байдал, худалдааны маргаан, улсуудын хоорондын хуваагдал нь алтны "аюулгүй хөрөнгө" гэсэн нэр хүндийг улам бүр бататгаж байна. Ялангуяа АНУ-аас ирж буй гаалийн татварын тухай мэдэгдлүүд нь дэлхий дахинд протекционист хандлага эргэн ирж болзошгүй гэсэн айдсыг нэмэгдүүлж байгаа бололтой.
Нийлүүлэлтийн хязгаарлалт ба хөрөнгө оруулагчдын хандлага
Нийлүүлэлтийн тал дээр алт олборлолтын шинэ төслүүд хомс байгаа бөгөөд зардал нэмэгдэж байгаа нь нийлүүлэлтийг хумьж байна. Энэ нь эрэлт өндөр хэвээр байгаа үед үнийн өсөлтөд улам түлхэц болж байгаа юм.
Хөрөнгө оруулагчдын хандлага өөдрөг байгаа гэж хэлж болно. Сангийн менежерүүд болон хувиараа хөрөнгө оруулагчдын дунд алт болон бусад үнэт металд хуваарилалт хийж, уламжлалт хөрөнгийн ангиллын эрсдэлийг тэнцвэржүүлэх, эсвэл макро эдийн засгийн хэлбэлзэлд бэлдэх сонирхол нэмэгдсээр байна.
Гэсэн хэдий ч шинжээчид алтны үнийн өсөлтийг сааруулж болзошгүй хэд хэдэн эрсдэлийг анхааруулжээ. Тухайлбал, дэлхийн эдийн засаг хүлээлтээс хурдан сэргэвэл, бодит хүү огцом өсвөл, эсвэл төв банкуудын бодлого өөрчлөгдвөл алтны өсөлт хязгаарлалтад хүрч магадгүй.
Алтны нөөцийн хэмжээгээр АНУ дэлхийд тэргүүлдэг ба нийт 8133 тонн алтны нөөцтэй байна. Үүний дараа ХБНГУ (3355 тн), Итали (2451 тн), Франц (2437 тн) нөөцтэй бол БНХАУ сүүлийн жилүүдэд алтны худалдан авалтаа эрчимтэй нэмэгдүүлж, 2279 тонн нөөцтэйгөөр дэлхийд 5 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Монгол Улсын алтны боломж
Манай улсын хувьд сүүлийн 5 жилд дунджаар 20 орчим тонн үнэт металл дотоодын зах зээлээс худалдан авч, жилд 900 орчим сая ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн байна.
Монгол Улсын хувьд төгрөгийн ханшаа чанга байлгах, улсын валютын нөөцөө зузаатгах боломжит хувилбар нь АЛТ байж магадгүй. Засгийн газраас алтны олборлолтыг идэвхжүүлж, алт тушаалтыг нэмэгдүүлэх хүрээнд “Алт 3” аяныг орон даяар хэрэгжүүлэх үүргийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин аялал жуулчлалын сайд С.Одонтуяа нарт даалгасан. Энэ хүрээнд:
Улсын хэмжээнд хайгуул хийж, ашиглахад бэлтгэгдсэн 3 тонноос дээш нөөцтэй алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судалж, УИХ, Засгийн газарт танилцуулан холбогдох шийдвэрийг гаргуулах,
Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК-ийн харьяа алтны нөөц бүхий төслүүдийн ашиглалтыг нэн даруй эхлүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлээр ашиглах саналыг боловсруулах,
Монголбанкинд алт тушааж байгаа томоохон нөөц бүхий алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн татвар ногдуулах босгыг нэмэгдүүлэх,
Орон нутагт хуулийн дагуу ажиллаж байгаа алт олборлогч аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллах талаар Засаг дарга болон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөжээ.
2024 оны байдлаар Монгол Улс 440 тонны алтны нөөцтэй бөгөөд үүний 400 орчим тонн нь үндсэн орд бол 40 тонн нь шороон орд эзэлж байна. "Алт 3" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, ойрын хоёр жилд шороон ордын олборлолтыг идэвхжүүлбэл Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ 20-30 хувиар өсөх боломжтой аж. 2024 онд Монголбанк 16.4 тонн алт худалдан авсан бөгөөд энэ жил 20 тонн алт худалдан авахаар төлөвлөж байгаа юм.
Түүнчлэн, "Алт 3" хөтөлбөрийн хүрээнд 45 алтны үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал жил бүр алт тушаалт 10 тонноор нэмэгдэх тооцоо гарчээ.
Эдийн засаг, геополитик, мөнгөний бодлогын нөхцөл байдлын улмаас 2025 онд алт үнэт хөрөнгө хэвээр байх төлөвтэй байна. Хэдийгээр таамгууд ялгаатай байгаа ч, ерөнхий чиг хандлага алтны үнийн өсөлтийг дэмжиж байгаа нь шинжээчид, байгууллагуудын байр сууриас тодорхой харагдаж байна.