Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээтэй холбоотой “орлогоо нотол, үгүй бол огцор” гэх нийгмийн шаардлага, залуусын тайван жагсаал 15 дахь өдрөө үргэлжилж байна. Нийтийн албан тушаалтны ёс зүйтэй холбоотой энэхүү асуудал яван явсаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх түвшинд хүрлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд заасан боломжийг ашиглаж, өөрт нь итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа. Хуулийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх процесс хэрхэн өрнөхийг танилцуулъя.
1. Ямар үед итгэл хүлээлгэх төслийг УИД-д оруулдаг вэ
Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхий сайд ямар үед итгэл хүлээлгэх УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д оруулж ирэхийг тодорхой заасан. Үндсэн хуулийн 44.1-д “Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д оруулбал” гэж заасан. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд итгэл хүлээлгэх тогтоолын үндэслэлээ “Хамтарсан Засгийн газрын байгуулсан “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээ, 14 мега төслийг хэрэгжлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү” хэмээн тодорхойлжээ. Тодруулбал, энэ үндэслэлээр бодлогын дэмжлэг үзүүлэхийг УИХ-аас хүссэн байна.
2. Итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг өргөн барьснаас 3 хоногийн дараа УИХ хэлэлцэж эхэлнэ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай хоёр заалт бүхий УИХ-ын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өнөөдөр /2025.05.28/ ажлын цаг дуусахаас өмнө албан ёсоор хүргүүлжээ. Үндсэн хуулийн 44.1-д заасны дагуу итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-д ирүүлснээс гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заасан.
Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээн авч, Үндсэн хуульд заасан үндэслэл мөн эсэх дээр дүн шинжилгээ, магадлал хийх аж. Энэ хугацааг тооцож, итгэл хүлээлгэх тогтоолын төсөл өргөн барьснаас 3 хоногийн дараа албан ёсоор УИХ хэлэлцэх учиртай. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ 2025 оны зургадугаар сарын 2-ноос буюу ирэх даваа гарагаас хэлэлцэж эхэлнэ.
3. Итгэл хүлээлгэх тогтоолыг 64 ба түүнээс дээш гишүүн дэмжвэл Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн ажиллана
Үндсэн хуульд заасны дагуу УИХ Ерөнхий сайдын оруулсан итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг 10 хоногийн дотор хэлэлцэн, шийдвэрлэх ёстой. Ингэхдээ УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр заасан бөгөөд 126 гишүүний 64 ба түүнээс дээш гишүүн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг дэмжвэл уг тогтоолыг баталсанд тооцно. Энгийнээр тайлбарлабал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах эрх зүйн боломжтой болно.
4. Итгэл хүлээлгэх тогтоолыг 64 ба түүнээс дээш гишүүн дэмжихгүй бол шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно
Харин Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолыг УИХ-ын 126 гишүүний 64 ба түүнээс дээш гишүүн дэмжээгүй бол уг тогтоолыг батлаагүйд, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилохоор Үндсэн хуульд заасан.
Үндсэн хуульд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолыг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар шийднэ гэж маш тодорхой заасан. Тухайн өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх бус, УИХ-ын 126 гишүүний олонхын санал гэж заасан. Иймд, итгэл хүлээлгэх тогтоолд УИХ-ын гишүүн бүрийн үүрэг оролцоо, санал үнэ цэнтэй гэсэн үг.
5. Санал хураалт хэрхэн явагдах вэ
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийн санал хураалт ямар хэлбэрээр явуулахыг Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд ил болон нууц гэж тодорхой заагаагүй. Тиймээс дэгийн дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэж болно. Гэхдээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд “Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар санал хураалтыг нууцаар явуулж болно” гэсэн заалт бий. Тэгэхээр хэн нэгэн гишүүн нь шийдвэрлэх санал хураалтыг нууцаар явуулах санал гаргаж, түүнийг нь хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжвэл нууц санал хураах боломжтой. Хэрвээ нууц санал хураалт болох нөхцөл үүсвэл “Нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулах бол гишүүдээс бүрдсэн тооллогын комисс байгуулна. Нууц санал хураалт явуулах, дүнг гаргах журмыг тооллогын комисс боловсруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална” гэж дэгийн хуульд заажээ.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийн санал хураалтыг ил явуулах хүсэлтэй байгаа аж. Гэхдээ энэ асуудлаар илээр санал хураалт явуулах нь гишүүд итгэл үнэмшлээрээ саналаа өгөх боломжийг хумих эрсдэл бий. Ямартай ч ирэх 10 хоногт Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллах эсэх асуудал шийдэгдэхээр болж байна.