"Ачуут гол" уламжлалт анагаах ухааны эмнэлгийн зөвлөх эмч, Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Машбаттай хануур эмчилгээний талаар ярилцлаа.
-Сүүлийн үед залуус унтаж байгаад нас барах тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ нь юутай холбоотой гэж та харж байна вэ. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хүн төрөлхтний 18-20-р зуунд өвдөж байсан өвчлөл,өвчлөлийн шинж чанар, хүндрэлүүд өөр байсан бол 21-р зуун гарснаар өвчин өөрчлөгдөж байна. Тухайлбал, 19-р зуунд байсан хатгалгаа пенициллинд дарагддаг байсан бол өнөөдөр хатгаа авбал пенициллинээс 10-20 дахин үйлдлийн өргөн хүрээний антибиотик хийгээд эдгэхгүй байгаа. Энэ нь хүн төрөлхтөн удаан хугацааны турш эмийг замбараагүй хэрэглэсэнтэй холбоотой. Иймээс нян, бактериуд эмэнд дасаад эхэлсэн. Вирус мутацид орж байна. Өмнө өвчлөл цөөхөн шинж тэмдэгтэй амархан эмчлэгддэг байсан бол одоо улам төвөгтэй, тэвчээртэй, амьдрах чадвар сайтай, шалгарч байна. Үүнтэй холбоотойгоор хүн төрөлхтний дунд цусны өтгөрөл гэдэг том сэдэв гарч эхэлсэн. Хүний цус шингэн байх ёстой. Ялангуяа залуусын дунд ковид, вакцин, нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалаад цусны өтгөрөл ихэслээ. Хүний цус хэвийн биш болсон. Бидний хэрэглэж байгаа архи, дарс, вино болон дасгал хөдөлгөөний дутагдал гээд нийгмийн хөгжил хүн төрөлхтөнд сүйрлийг авчирч байна. Хүмүүс хөдлөх шаардлагагүй болох тусам цус өтгөрч байдаг. Цусны өтгөрөл зүрх гэнэт зогсох эрсдэлийг дагуулж байна. Гэнэт нас барах гэдэг зүйл өмнө нь огт байгаагүй. Цаашдаа бол ихэснэ. Хүмүүсийн дунд гэнэт зүрх зогсох вий, цус харвавал яана гэсэн айдас байна. Үүний эсрэг европ анагаах ухааны эмийн эмчилгээ хангалттай үр дүн өгч чадахгүй байна. Хий өвчин, зүрхний гаралтай цусны өтгөрлийг европ анагаах ухаанд цус шингэлэх, холестерин буулгах, даралтын гээд маш олон химийн эм уусаар байгаа боловч сэргийлж чадахгүй байгаа. Тэгэхээр Монголын уламжлалт анагаах ухааны салбарын эмч, эрдэмтэд судалгаа шинжилгээ хийгээд олон эмчилгээний арга ашиглаж байна. Тодруулбал, эмийн болон цусыг хоргүй, өртөг багатай аргаар хийдэг хануур засал эмчилгээ гээд олон аргаар энэ өвчнийг багасгах гэж эмнэл зүй дээрээ ажилласаар байгаа. Үр дүн ч гарч байна.
-Ер нь хануур заслыг монгол хүнд хамгийн тохиромжтой эмчилгээ гэдэг юм билээ. Яагаад ингэж тайлбарладаг вэ?
-Манай эмнэлэг сүүлийн 30 жил энэ чиглэлээр ажиллалаа. Бид олон чиглэлээр судалгаа хийж байна. Эмнэлзүйн 30 жил хийсэн судалгааны ажлаас харахад монгол хүн таван хошуу малын мах иддэг, эрс тэс уур амьсгалд амьдардаг. Иймд Монголчуудад өөрсдөө тархи доргилтыг барьдаг бариа засал, хугарал мултралыг барьдаг ясны бариа, гар засал түүнээс өвчлөлийг цусны урсгалаар дамжуулан өтгөрлийг эмчилдэг, цус харвах, зүрхний шигдээсээс сэргийлдэг ханах эмчилгээний аргыг нээсэн. Монгол хүнд хамгийн сайн таардаг. Монголд зүрх судасны өвчлөл нэгдүгээр эрэмбэлэгддэг. Үүнийг эмчлэх хамгийн шилдэг арга бол хануур, туулга засал. Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн онолд “Цусны халуун буюу таван цулын өвчнийг хануураар зас. Зургаан сав эрхтнийг туулгаар зас” гэсэн алтан зарчим бий. Энэ зарчмаар л явж байна. Үр дүнгээ ч өгч байгаа. Монгол хүнийг аврах хамгийн боломжит арга энэ.
-Хануур эмчилгээг ямар өвчтөнд хийх заалттай байдаг вэ. Мөн хориглох заалт бий юү?
-Монголын уламжлалт анагаах ухааны онолоор дэлхий дээр байдаг бүх өвчнийг халуун болон хүйтэн гэж хоёр бүлэгт хуваадаг. Монголчууд ихэвчлэн халуун өвчнөөр өвддөг. Яагаад гэвэл халуун чанартай хурц, тослог ихтэй таван хошуу малын махыг амьдралынхаа туршид иддэг. Иймд Монголчуудын цусанд өөх тос, уургийн агууламж өндөр байна. Үүнтэй холбоотойгоор Монголчуудын судас, зүрх, элэг өөхлөх зэрэг халуун өвчнөөр ихэвчлэн өвддөг. Тэгэхээр цусны халуун, харвалт, шигдээснээс сэргийлэх хамгийн тохиромжтой, хоргүй арга бол хануур засал. Тиймээс хануур засал эмчилгээгээр халуун, цулын өвчнийг эмчилдэг. Хүүхэд, өндөр настан, хий, бадган махбодтой хүмүүсийг хануур хийхээс цээрлэдэг. Эсрэг заалт, хол, ойрын бэлтгэл, өдөр, гараг, зурхай, био хэмнэл, цаг, улирал гээд маш нарийн зүй тогтолтой шинжлэх ухаан.
-Хүмүүс сайн гэсэн бүхнийг хугацаа хамаарахгүй хэрэглээд, хийлгээд байгаа. Тэгэхээр хануур хийлгэх ёс, дэгийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юү?
-Уламжлалт анагаах ухааны аргаар цус, шээсээр оношилно. Тухайн хүний нас, хүйс, тамир тэнхээ, төрсөн газар, биеийн тарган, туранхай, өндөр, нам, нойрондоо сайн, муу, амьдралын хэмнэл гээд олон зүйл тооцдог. Европ анагаах ухааны аргаар цус болон био химийн, цусны бүлэгнэл тодорхойлох шинжилгээ хийдэг. Шаардлагатай бол эхо, компьютер, дүрс оношилгооны аргуудыг хавсрах нь ч бий. Уламжлалт болон европ анагаах ухааны аргыг хослуулан оношилж байж хануурт хүмүүсийг оруулах эсэхээ шийддэг. Маш нарийн дэгтэй.
-Хануур засал хийлгэсний дараа юунд анхаарах хэрэгтэй байдаг вэ?
-Хөдөө орон нутагт рашаан, шавар эмчилгээ байдаг. Түүнтэй уялдуулж хануур эмчилгээг хийж болдог. Хануур нь хатуу засалдаа ордог. Тэгэхээр хануур заслын дараа барьдаг гам гэж бий. Хоол хүнсний дэглэмээс гадна усанд орохгүй байх ёстой байдаг. Хоол тэжээлийн хувьд малын элэг идэх, шөл уух, хий дарах хонины мах идэх гэх мэт зөвлөгөөнүүдийг судас, шээсээр шинжлээд эмч нар зөвлөдөг. Ханасан цусыг төлжүүлэх хугацаа гэж бий. Ер нь улаан эс 120 хоног насалдаг. Дээд, доод мөч, их бие, толгойн дээр ханадаг судаснууд байдаг. Ямар судаснуудыг ханаснаас хамаарч олон янзын дэглэм бий.
-Ярилцлагынхаа төгсгөлд уламжлалт анагаах ухаантай холбоотой хүмүүст хандаж зөвлөгөө өгөхгүй юү?
-Иргэд европ эсвэл уламжлалт эмчээр эмчлүүлнэ гээд хоёр хуваагдаад байна. Тэгэхээр хүмүүс ямар өвчнөө ямар анагаах ухаанаар эмчлүүлэхээ мэдэхгүй байгаа. Үүнийг тайлбарлая. Монголд иргэдийн дунд байгаа өвчлөлийг хоёр хуваана. Яаралтай, амь насанд тулсан, цус алдаж, хүчтэй өвдөлт өгч байгаа, хавдар, төрөлт, авто ослын гэмтэл, бэртлийн үед европ анагаах ухааныг сонгоно. Монголын уламжлалт анагаах ухаан бүх өвчнийг эмчилж чадахгүй. Тэгвэл мэс засал, харвалтын дараа саажсан, зах, төв мэдрэлийн өвчлөл, нойргүйдэл, бодисын солилцооны өвчин, чихрийн шижин, элэгний B, C вирус, сахрын, үе мөч, таван цулын үрэвсэл, өвчлөлийг уламжлалт анагаах ухаанаар суурьгүй эдгээж болно. Хамгийн гол нь туршлагатай эмчид зөв эмчилгээ хийлгээд өвчтөн өөрөө хариуцлагатай гамаа сайн барьж чадвал бүрэн эдгэнэ. Тийм учраас европ болон уламжлалт анагаах ухаан цаашдаа хамтдаа байсаар байна. Тэгэхээр Монгол Улсад өрнийн болон дорнын анагаах ухаан нэгдмэл байдлаар цаашдаа хөгжинө. Үүнийг монгол хүн болгох ойлгох хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд хэрвээ та уламжлалт аргаар оношлуулж чадвал харвах, зүрхний шигдээс, хавдар, цөс, давсаг, бөөрний чулуу үүсэх, бүдүүн, нарийн гэдсэнд ургацаг, хавдар үүсэхээс сэргийлж болно. Уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, явдал, мөр, эм засал, дөрвөн ерөндгийг маш сайн баримталж чадвал та урт наслах бүрэн боломжтой.
Өмнөх ярилцлагыг эндээс уншаарай.