Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

П.Батчимэг: Эхлээд суррон, скүүтэрийн замыг шийдэж, дараа нь хуульчлах зайлшгүй шаардлагатай

П.Батчимэг: Эхлээд суррон, скүүтэрийн замыг шийдэж, дараа нь хуульчлах зайлшгүй шаардлагатай
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 27
УИХ-ын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
undefined
УИХ-ын гишүүн П.Батчимэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тэрээр суррон, скүүтерийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан хууль эрх зүйн орчныг сайжруулж, зорчих замыг шийдэж өгөх шаардлага үүссэнийг онцоллоо. 
Тэрээр "Шинэ төрлийн бичил тээврийн хэрэгсэл болох суррон, скүүтерээр иргэд замын хөдөлгөөнд оролцох болсон цагаас эхлэн зам тээврийн ослын тоо нэмэгдэж байна. Тиймээс энэ тээврийн хэрэгслийг хориглох, торгох гэхээсээ илүү хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлага үүсээд байна. Зорчигчийн эрх үүргийг тодорхой болгож нөгөө талаас тусгайлсан зам, зогсоол зэргийг бий болгох хэрэгтэй байна. Суррон, скүүтэрээр зорчиход эхлээд замыг шийдэх ёстой. Замын хөдөлгөөний дүрэм, журмаар шийдэх гэж зөндөө үзлээ. Хуульчилж өгөх хэрэгтэй байгаа юм" гэв.
undefined
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Зохицуулалт хийхдээ хүний аюулгүй байдлыг хангах ёстой. Ялангуяа хүүхдүүд болон явган зорчигчдын эрхийг нэгдүгээрт хамгаалсан хуулийн төслийг ажлын хэсэг боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлгээ хийлээ. Цаашдаа явган зам дээр алхахдаа айхгүйгээр алхах боломж бүрдүүлье гэсэн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хувийн хэвшлийн төлөөллүүд хэлэлцүүлэгт оролцлоо. Тэдний зүгээс аюулгүй байдлыг сурталчлах, хангах тал дээр мэдээлэл өгөх ажлыг хийж байгаа. Огт сурталчилгаа хийгээгүй гэж хэлэхгүй. Хуульд энэ төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч гэсэн статустай оруулж байна. Энэ цахилгаан дугуй, скүүтерийн бүрэн бүтэн байдлыг тухайн аж ахуйн нэгж хариуцаж, үүрэг хүлээнэ. 
Хуулийн төсөлд хамгийн их осол гаргаж байгаа сурроныг А үнэмлэхтэй, 18 наснаас дээш насныхан зөвхөн авто зам дээр хэрэглэнэ гэж тусгаж байгаа. Харин скүүтер, цахилгаан дугуйны хувьд явган замаар зорчвол 10 км/цаг эсвэл 5 км/цагаас бага байхаар хуульчилж байна. Хэрвээ явган зам нь тусдаа байвал дугуйн замаараа зорчино.
undefined
Цахилгаан скүүтер, суррон зэргээс үүдэлтэй осол гэмтлийн нөхцөл байдлын талаар ГССҮТ-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг танилцууллаа. 
Тэрээр “Осол гэмтлийн шалтгаан дотроо зам тээврийн шалтгаант осол нь сүүлийн дөрвөн жилийн байдлаар гуравдугаарт орж байна. Нийт 106,599 хүн зам тээврийн шалтгаант осол гэмтэлд өртсөн байна. Энэ нь нийт тохиолдлынхоо 11.7 хувийг эзэлж байгаа. Үүн дотор авч үзэхэд зам тээврийн ослын 34.8 хувь нь суудлын автомашин дотор зорчиж явахдаа бэртсэн байдаг бол 22.1 хувь нь явган зорчигч зам тээврийн осолд өртсөн байдаг. Харин 18.8 хувь нь мотоциклтой зорчигч зам тээврийн осолд орж, 13.8 хувь нь мориноос, тэмээнээс унаж гэмтсэн. Түүнчлэн 6.1 хувь нь дугуйтай зорчигч зам тээврийн осолд орж гэмтсэн тохиолдлууд байна. Сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, скүүтер зэргийг тээврийн хэрэгсэл болгон замын хөдөлгөөнд оролцох болсонтой холбоотой, зам тээврийн осолд өртөж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулах явдал нэмэгдэж байгаа тул эрх зүйн хувьд зохицуулалт хийж осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нотолгоонд суурилсан арга хэмжээ авах шаардлагатай болсон. 
2022 онд нийт цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой 50 ослын тохиолдол бүртгэгдсэн бол 2023 онд 305 болж нэмэгдсэн. Харин 2024 онд 532 тохиолдол бүртгэгдэж 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 98 тохиолдол бүртгэгджээ. 2025 онд бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл дөрвөн сард гэхэд 70 тохиолдол бүртгэгдсэн. Хүйсийн хувьд авч үзэхэд нийт тохиолдлын 67.8 хувь нь эрэгтэйчүүд 32.2 хувь нь эмэгтэй хүмүүс эзэлж байна. Насны бүлгийн хувьд 10-19 насны хүүхдүүд нийт тохиолдлын хамгийн өндөр буюу 39 хувийг эзэлсэн. 
undefined
Осол гэмтэлд өртөхдөө ямар байдлаар өртөж байна гэвэл нийт тохиолдлын 75.5 хувь буюу 744 иргэн мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах буюу онхолдож гэмтсэн. 164 иргэн цахилаан тээврийн хэрэгсэлтэйгээ автомашинд мөргүүлсэн байна. Харин 65 явган зорчигч цахилгаан тээврийн хэрэгсэлд мөргүүлэн гэмтжээ. Эрхтэн системийн гэмтлийн хувьд хамгийн их гэмтэж буй хэсэг нь толгойн гэмтэл буюу 22.5 хувь буюу нийт 222 иргэн толгойн гэмтэлд өртсөн байна. Дээд доод мөчдийн буюу тохой, шуу, өвдөг, шилбэний гэмтэл, шагай, тохой, бугуйны гэмтэл гээд эдгээр нь 60 орчим хувийг эзэлж байна. 2024 оны долоодугаар сараас 2025 оны тавдугаар сарын хооронд нийт таван хүн нас барсан байна” гэв. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн