Open iToim app
Тэд бидний тухай | 4 мин уншина

AFR: Монголын Засгийн газар "Рио Тинто"-г авлигын асуудалд буруутган Их Британийн шүүхэд ханджээ

AFR: Монголын Засгийн газар "Рио Тинто"-г авлигын асуудалд буруутган Их Британийн шүүхэд ханджээ
Нийтэлсэн 1 минутын өмнө
Монголын Засгийн газар "Рио Тинто" группийг авлигын хэргээр шүүхэд өгсөн талаар “Financial Review” онцолжээ. Энэхүү нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монголын Засгийн газар Рио Тинто группийг Оюу толгойн зэсийн уурхайтай холбоотой улс төрийн хээл хахуулийн хэрэгт буруутгаж, шүүхэд өгсөн нь тус улсын Засгийн газар болон Рио Тинтогийн таарамжгүй харилцаа хурцдаж буйн илрэл болж байна.
Рио болон Монголын Засгийн газрын төлөөллүүд Оюу толгойн баялгийг хэрхэн ашиглаж, хуваарилах талаар бараг 20 жилийн турш маргалдсаар байна. Удахгүй ажлаа хүлээлгэн өгөх Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолм ковидын үеэр Монголын Засгийн газартай хэлэлцээ хийж, 2.4 тэрбум ам.долларын өрийг нь чөлөөлсөн.
Өнгөрсөн долоо хоногт буюу Рио Стаушолмыг ажлаа хүлээлгэх өгөхөө зарлахаас хэдхэн хоногийн өмнө Монголын Засгийн газрын Их Британийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь компанийн дараагийн гүйцэтгэх захирал хооронд үл ойлголцол үргэлжилнэ гэдгийг харуулж байна.
Рио болон Монголын Засгийн газрын 438 сая ам.долларын (674 сая ам. доллар) татварын маргаан арбитрын шүүхээр хэлэлцэгдэж буй. Монголын Засгийн газраас Их Британийн Дээд шүүхэд гаргасан шинэ нэхэмжлэл нь тус компанийг нотлох баримт бүрдүүлэхийг шаардах замаар арбитрын шүүхэд үргэлжилж буй маргаанд байр сууриа хамгаалахад чухал нөлөөтэй.
Монголын эрх баригчид Риогийн охин компаниудыг Оюу толгой төсөлтэй холбоотой хээл хахуульд холбогдсон гэж үзэж байгаа аж. Мөн Рио Тинто болон түүний охин компаниудыг Монголын өөр нэгэн улстөрч асанг чиглэсэн “хууль бус, ашиг олох зорилготой схем”-д оролцсон хэмээн нэхэмжлэлдээ дурдсан байна.  
Монгол Улсын Засгийн газраас татварын маргааны хүрээнд нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлоход ач холбогдолтой гэж үзэн Рио Тинто компаниас 48 төрлийн баримт бичиг гаргуулах хүсэлт гаргасан байна. Гэвч Рио Тинто компани тэдгээр баримтыг гаргахаас татгалзсан бөгөөд үүнд авлигын хэрэгтэй холбоотой асуудлыг мөрдөн шалгуулахаар Рио Тинто компанийн захиалгаар “Baker McKenzie” хуулийн фирмийн “авлигын мөрдөн шалгах ажиллагааны баримтууд” багтаж буй юм. Уг авлигын асуудал нь Рио Тинто компани Оюу толгой компанийн дийлэнх хувьцааг эзэмшиж эхлэхээс өмнөх цаг үед хамаарч байгаа аж.
Рио Тинто 2009 оны аравдугаар сард Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Засгийн газартай байгуулж, Оюу толгойн өмнөх эзэмшигч Айвенхоу Майнз компанийн 9.95 хувийг худалдаж авсан. Энэ хэлцэл 2009 онд хийгдсэн бөгөөд Рио 2009, 2012 онд Айвенхоу дахь эзэмших хувиа нэмэгдүүлсэн. 2022 оны байдлаар бүх хувьцааг худалдаж авснаар Айвенхоу Майнзын нэрийг Туркойз Хилл Ресурс гэж өөрчилсөн.
Монгол Улсын Засгийн газраас Их Британийн Дээд шүүхэд гаргасан хүсэлтэд “Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын 2017, 2018 оны техникийн ахицын тайланг нотлох баримтаар гаргуулах тухай багтжээ. Уг бүтээн байгуулалтын зардал анхны төсөөллөөс 1.7 тэрбум ам.доллараар хэтэрч, бүтээн байгуулалт хоёр жилээр хоцорч хэрэгжсэн нь уг ордын 34 хувийг эзэмшдэг, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг тус ордын орлогоор бүрдүүлэхээр тооцоолж буй Монгол Улсын Засгийн газарт хүндээр туссан гэжээ. Тодруулбал, Оюу толгойн далд уурхайн өргөтгөл тооцоолж байснаас 1.7 тэрбум ам.доллароор нэмэгдэж, хоёр жилээр хоцорсон нь уурхайн 34 хувийн хувьцаа эзэмшигч Монголын Засгийн газрыг хохироож, мөн гомдоожээ.  Түүнчлэн, Риогийн гүний уурхайн өргөтгөлийн “муу төлөвлөлт”, “алдаатай гүйцэтгэл” нь тус улсад 2-27 тэрбум ам.долларын өртөгтэй санхүүгийн томоохон хохирол учруулсан гэж Монгол Улс шүүхэд мэдэгджээ. Тиймээс Монгол Улс нөхөн төлбөр авах эрхтэй гэж Монголын талын албаны хүмүүсийн ирүүлсэн бичиг баримтад бичсэн байна.
Гэвч Монголын Засгийн газар энэ асуудлыг “арилжааны нууц” хэмээн тайлбарлаж, олон нийтэд ил болгоогүй. Мөн Риогийн охин компани 371.9 сая ам.долларын илүү татвар төлснөө буцаан төлүүлэхийг Засгийн газраас шаарджээ. Энэ нь Монгол Улсын ДНБ-ий 1.8 хувьтай тэнцэх юм.
Ням гарагт Рио Тинтогийн хэвлэлийн төлөөлөгч “Бид Монгол Улсын Засгийн газартай татварын асуудлыг шийдвэрлэхээр үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна” гэжээ. Тавдугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Стаушолмыг Риогийн Удирдах зөвлөл шахахаас хоёрхон хоногийн өмнө, мөн Монголын Хамтарсан Засгийн газар хуваагдаж, улс төрийн үймээн самуун дэгдэхээс  хоёр хоногийн өмнө юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр бүлийнх нь үрэлгэн байдалтай холбоотойгоор огцрох дарамтад байна.
Хэрэв Л.Оюун-Эрдэнэ огцрох юм бол түүний эрх мэдэлтэй байх хугацаа нь Риогийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Стаушолмын үетэй бараг давхцах болно.  Хамгийн гол нь тэд 2022 оны нэгдүгээр сард санхүүгийн ихэнх маргааныг шийдвэрлэж, Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүлэхийг зөвшөөрсөн гэрээний дагуу Рио-Монголын харилцаа шинэ шатанд гарч буйг зарласан. Гэвч 2022 онд эхэлсэн талуудын шинэ харилцаа нь арбитрын процессын гол цөм болох татварын маргаан болон шинээр гаргасан Дээд шүүхийн нэхэмжлэлийг шийдэж чадахгүй бололтой.
Энэ онд Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл 50 орчим хувиар өснө. Гэсэн хэдий ч Риод олборлолтын хурдыг тогтвортой байлгахын тулд Засгийн газрын зөвшөөрөл шаардлагатай болно.
Эх сурвалж: AFR
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн