Популизм газар авч, уур амьсгалын хямрал дэлхий нийтийг түгшээж, ардчилсан зарчим суларч буй өнөө үед Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен тогтуун, зарчимч төрийн тэргүүний дүрээр Европт онцгой байр суурь эзэлж байна.
2017 оноос хойш Австрийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй тэрээр академик мэдлэг, өндөр ёс зүйт байдал, байгаль орчны үнэт зүйлсийг хослуулсан удирдагч бөгөөд ерөнхийлөгчийн ихэнх эрх мэдэл бэлгэдлийн шинжтэй ч, тэр энэ албан тушаалыг ёс суртахууны хувьд өндөр түвшинд авч яваа нэгэн билээ.
Орогнол, дүрвэлтээс төрсөн ерөнхийлөгч
Александр Ван дер Беллен 1944 оны нэгдүгээр сарын 18-нд Вена хотод төржээ. Түүний эцэг, эх нь Зөвлөлтийн дэглэмээс зугтан дүрвэсэн орос, эстон хүмүүс байв. Дайны дараа тэд Австрийн Тироль мужийн Каунерталь хэмээх жижиг тосгонд суурьшсан байна. Тэрээр 1958 онд Австрийн иргэн болсон бөгөөд энэ үйл явдал хожмын улс төрийн үнэт зүйлд нь гүн гүнзгий нөлөөлсөн гэдэг. Дайн, дүрвэлтийн хүнд үеийг туулсан бага нас нь түүнийг ардчилал, хүний эрх, олон ургалч үзэл, соёлт нийгэм зэрэг үнэт зүйлсийн үнэнч хамгаалагч болоход түлхэц болсон аж.
Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг шууд дэмждэг тэрээр анхны эхнэртэйгээ 50 гаруй жил ханилж, дараа нь олон жилийн хамтрагч Дорис Шмидбауертай гэр бүл болжээ. Тэрээр хоёр хүүтэй бөгөөд хүүхдүүдийнх нь талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл бага байдаг.
Эдийн засагч, профессор, нийгмийн сэтгэлгээний манлайлагч
Тирольд боловсрол эзэмшсэн Ван дер Беллен эдийн засгийн чиглэлээр суралцаж, 1970 онд Иннсбрукийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Үүний дараа Венийн их сургуульд багшилж, төсвийн бодлого, хүрээлэн буй орчны эдийн засаг, төрийн үүрэг зэрэг сэдвээр дагнан судалгаа хийж, олон нийтийн бодлогод ул суурьтай дүгнэлт хийж эхэлсэн байна. Түүний эдийн засгийн хандлага нь гол төлөв Кейнсийн онолын нөлөөнд автсан, тэгш байдал, нийгмийн хариуцлагыг чухалчилсан чиглэлтэй байв.
Докторын зэрэг хамгаалснаас хойш 20 жилийн дараа Венийн их сургуульд эдийн засгийн факультетийн декан болжээ.
Өдгөө 81 настай Ван дер Беллен өөрийнхөө хоёр сул талыг хүлээн зөвшөөрдөг байна. Нэг нь Дональд нугасны комикс, нөгөөх нь тамхи. Тэрээр “Би нэг удаа дөрвөн сарын турш тамхинаас гарч байлаа... Гэхдээ миний насан дээр өөрийгөө ингэж тарчлаах хэрэг юу байна” хэмээн хэлж байжээ.
Ногоон үзэл санааг түгээсэн улстөрч
Тэрээр анх Австрийн Социал Демократ намд элсэн орсон ч, 1990-ээд онд Ногоон намд нэгджээ. Тухайн үед Ван дер Беллен байгаль орчны хамгаалал, хүний эрх, Европын интеграцийн асуудалд гүнээ анхаарах болсон байв.
1997 онд Ногоон Намын намын дарга (федерал төлөөлөгч) болж, 2008 он хүртэл тус намыг удирдах хугацаандаа Ван дер Беллен намыг цөөнхийн хөдөлгөөнөөс жинхэнэ улс төрийн хүч болгон хөгжүүлж, нийгмийн асуудалд илүү судалгаанд суурилсан, прагматик хандлага нэвтрүүлжээ.
“Профессор-Ерөнхийлөгч” буюу эрдэмтэн төрийн тэргүүн
Түүнийг олон нийт “профессор ерөнхийлөгч” хэмээн нэрлэдэг. Энэ нь түүний тайван, эргэцүүлэн боддог, популизмаас зайлсхийдэг зан төлөвийг илтгэдэг аж. Ялангуяа цагаачдын эрх, хүний эрхийн асуудал, уур амьсгалын бодлого, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалдаг тууштай байр суурь нь түүнийг олон нийтийн дунд нэр хүндтэй болгосон юм.
2016 оны Ерөнхийлөгчийн сонгууль: Либерализмын ялалт
2016 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол Ван дер Белленд төдийгүй Австрид эргэлтийн цэг байлаа. Тэрээр Ногоон намын дэмжлэгтэйгээр бие даан нэр дэвшиж, барууны туйлшралтай “Чөлөөт нам”-ын Норберт Хофертой өрсөлдсөн юм. Сонгууль ширүүн өрсөлдөөнтэй болж, анхны санал хураалт хүчингүйд тооцогдсон тул дахин санал хураалт явагджээ. Эцэст нь 53.8 хувийн санал авч ялалт байгуулсан нь либерал ардчиллыг туйлшралаас хамгаалсан хэмээн олон улсын анхаарлыг татсан билээ.
Австрийн ерөнхийлөгч Засгийн газрын өдөр тутмын ажлыг удирддаггүй ч, Үндсэн хуулийн баталгаа, төр ард түмний эв нэгдлийн бэлгэдэл, ёс суртахууны чиглүүлэгчийн үүрэгтэй. Ван дер Беллен энэ үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирснээрээ алдартай.
2019 оны "Ибицагийн дуулиан" буюу тухайн үеийн дэд канцлерийн оролцсон авлигын бичлэг илчлэгдсэний дараах хямралын үед тэрээр Засгийн газрыг эвтэйхэн тарааж, шилжилтийн явцыг зохицуулан, төрийн тогтвортой байдлыг хангаж чадсан юм.
Тэрээр Европын интеграцид бат итгэдэг, хүрээлэн буй орчны асуудлыг чухалчилдаг нэгний хувьд олон улсын уулзалтууд, төрийн айлчлал бүртээ уур амьсгалын өөрчлөлт, ардчиллыг хамгаалах, хамтын ажиллагааны чухлыг онцолдог аж.
Мөн Европын Холбоог “Ардчиллын төслийн бэлгэ тэмдэг” хэмээн нэрлэж, тус холбооны хөгжлийн төлөө дуу хоолойгоо байнга илэрхийлдэг нэгэн юм.