Open iToim app
Спорт | 3 мин уншина

Европын тэнгэрт гялалзсан “Азийн од” Сон Хын Мин

Европын тэнгэрт гялалзсан “Азийн од” Сон Хын Мин
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 26
Сон Хын Мин. Нэр нь зөвхөн хөлбөмбөг сонирхогчдын дунд бус, спортын ертөнц даяар хүндлэл хүлээсэн шинэ үеийн домогт тоглогч тэрээр Европын Лигээс анхны цомоо хүртээд байгаа билээ.
Түүний бага нас бусад хүүхдүүдийнх шиг хөгжилтэй, тоглоом наадам дүүрэн байсангүй. Аав Сон Үн Жун нь мэргэжлийн хөлбөмбөгчин байсан учир хүүгээ дан ганц биеийн хөдөлгөөн бус, сэтгэл зүй, сахилга батад сурган бэлтгэл хийлгэдэг байж. Тэрээр ааваасаа авсан сургамжийнхаа талаар "Хэрвээ чи сайн хөлбөмбөгчин байлаа ч бусдыг хүндэлж мэддэггүй бол хэн ч биш гэсэн үг" хэмээн дурсан ярьж байв.
16 настай байхдаа Германд очиж, Хамбургийн академид элссэн тэрээр хэл мэдэхгүй, хоол, соёлын ялгаатай орчинд дасахгүй биеийн тамирын хүнд бэлтгэл дунд нэлээд бэрх цаг хугацааг туулсан гэдэг. Гэвч зорилгоосоо нэг ч удаа ухралгүй, 18 настайдаа Бундеслигт мэргэжлийн тоглолтоо хийж, дараа нь Байер Леверкузен рүү шилжин Европын хөлбөмбөгийн тавцанд нэр хүндээ олж эхэлсэн юм.
Тоттенхэмд од болон гялалзсан нь
2015 онд Английн Премьер Лигт Тоттенхэм Хотспур багтай гэрээ байгуулснаар түүний карьер шинэ шатанд гарсан байна. Эхний улиралдаа гэмтэл, тоглолтын хэв маягт дасахад хүндрэлтэй байдалтай тулгарсан ч бууж өгсөнгүй. Харин өөрийгөө улам илүү дайчилж, олон улсын шилдэг довтлогчдын тоонд зүй ёсоор багтах болсон.
Соны хурд, техник, хоёр хөлөөрөө адил түвшинд тоглох чадвар, гоолын мэдрэмж нь түүнийг Хари Кэйний хамт багийн амин сүнс болгож, Английн лигийн хамгийн аюултай довтолгооны хослолуудын нэг болгож байв.
Тэрээр Harper's Bazaar сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би өөртөө үргэлж ‘би хамгийн шилдэг нь’ гэж хэлдэг. Эерэг хандлага хүнд хэцүү байдлыг даван туулахад тусалдаг" хэмээн ярьж байжээ.
undefined
Бичигдээгүй түүхэн мөрүүд
Түүний амжилт үргэлжилсээр 2021–2022 онд Премьер лигийн “Алтан шаахай” шагналыг хүртэж, ямар ч торгуулийн цохилтгүйгээр 23 гоол оруулсан нь ур чадварынх нь тод баталгаа болов. 2023 онд 100 дахь гоолоо оруулсан Азийн анхны тоглогч болсон бол 2023–2024 оны улиралд Тоттенхэм багийн ахлагч болж, спортын ур чадвараасаа гадна удирдах, манлайлах чадвараа харуулсан юм.
Олон улсын талбарт ч Сон гайхалтай амжилт үзүүлсэн. 2018 оны ДАШТ-д Германы хаалганд гоол оруулж, тэднийг хасагдахад хүргэсэн агшин бол Солонгос даяар сэтгэл хөдлөлийн тэсрэлт байв. Харин тэр жилдээ Азийн наадамд багийн ахлагчаар оролцож, алтан медаль хүртсэнээр БНСУ-ын заавал хаах цэргийн албанаас чөлөөлөгдөж байлаа.
Харин 2025 оны тавдугаар сард түүний карьерын оргил үе тохиож буй. Тавдугаар сарын 21-нд болсон Европын Лигийн финалын тоглолтоор Манчестер Юнайтед Тоттенхэм Хотспур учраа таарч, тун өрсөлдөөнтэй тоглолт өрнөв. Тоглолтын шийдвэрлэх гоолыг Бреннан Жонсон оруулснаар Тоттенхэм 1–0-ээр ялалт байгуулж, 17 жилийн дараах анхны цомоо хүртсэн юм.
Тоттенхэмийн хувьд хамгийн сүүлд 2008 онд Лигийн цом хүртэж байв. Үүнээс хойш Премьер Лиг, Аваргуудын Лиг зэрэг олон том тэмцээнд дөхөж очсон ч финалын шатыг давах завшаан тохиолгүй 17 улирал дараалан цомгүй өнгөрүүлсэн билээ.
Европын хөлбөмбөгийн тавцанд олон жилийн турш Азийн хөлбөмбөгийг төлөөлөн нэр сүрээ дуурсгаж буй Сон Хын Мин-ийн хувьд энэ ялалт онцгой утга агуулгатай байв. Тоттенхэмд элссэнээс хойш даруй арван жил өнгөрөхдөө тэрээр олон гайхалтай улирлыг үдсэн ч цомын амтыг хүртэж чадаагүй байсан юм. Харин энэ удаа тэр хийж бүтээсэн бүхнийхээ үр шимийг хүртэж, хүсэж мөрөөдсөн цомоо гардан авч чадлаа.
Уг тоглолтын дараа Сон "Энэ туузыг зүүж, энэ цомыг өргөх дан ганц миний мөрөөдөл биш. Энэ бол Солонгос, Япон, Тайланд гэлтгүй хаа нэгтээ хөлбөмбөг мөрөөддөг хүүхдүүдийн мөрөөдөл. Тэдэнд хэлье. Энэ бол боломжтой зүйл" хэмээн хэлсэн нь мянга мянган хүний зүрхэнд хүрсэн юм.
Сон Хын Мин гоол оруулаад баяраа даруухнаар тэмдэглэдэг, ялалтад ганцаараа нэрээ бичихээс татгалздаг хүн. Тоглолтын ур чадвараас гадна түүний ёс суртахуун, хүндлэл, хүмүүжил олон хүний хайр, хүндлэлийг хүлээдэг. Тэр өөрийн амжилтаар “Азийн тоглогч Европт амжилтад хүрч чадахгүй” гэх хуучин хэвшмэл ойлголтыг үгүй хийсэн юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн