АИНефть импортлогч компаниуд өнгөрсөн баасан гарагт АИ-92 шатахууны үнэ нийслэлд 2590 төгрөг болж литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдсэн. Орон нутагт 500 төгрөгөөр нэмэгдсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Тэгвэл уг асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас зөвшилцөөгүй гэдгээ илэрхийлж, тавдугаар сарын 26-нд үнийн зөвлөл хуралдахаар болсныг мэдээлсэн.
Өчигдрөөс "Шунхлай" зэрэг зарим компани АИ-92-оос бусад төрлийн түлшний үнийг 200 төгрөгөөр бууруулсан гэж мэдээлсэн байна. Гэвч АИ-92-ын хувьд үнэ нь буурахгүй, өндөр үнэтэй хэвээр байгаа нь ард иргэдэд шууд дарамт болж байгаа юм. АИ-95, 98 бол дунд болон дундаас дээш оврын автомашинд хэрэглэдэг түлш. Монгол Улсын дийлэнх жолооч АИ-92 түлш хэрэглэдэг бөгөөд гол нэрийн бараа бүтээгдэхүүнд тооцогддог. АИ-95, 98 түлшний үнийг 200 төгрөгөөр бууруулснаа АИ-92 түлшний үнийг буулгахгүй байгаа нь нийгмийн дундаж давхаргад маш хүнд дарамт учруулж байгааг иргэд учирлав.
Нефть импортлогчид АИ-92 автобензины үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр өсгөсөн асуудалд Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан дараах тайлбарыг өгөв.
Тэрээр “Үнийн зөвлөлийнхөн тавдугаар сарын 5-нд уулзаад 25-нд дахин уулзаж нөхцөл байдлыг яръя гэсэн боловч нефть импортлогч компаниуд энэ ярианаасаа буцаж гэнэт үнээ нэмсэн. Ярьж тохирсноосоо буцаж болохгүй. Манай авдаг нефтийн үнэ нэмэгдээгүй. Дизель түлш харин ч тонн тутам 100 ам.доллароор буурсан. Импортлогч компаниуд валютын ханш өссөн учраас АИ-92 шатахууны үнийг нэмсэн гэж байгаа. Өнөөдөр Үнийн зөвлөлийнхөн дахин уулзана. Төр, яамны зүгээс шууд авч хэрэгжүүлэх арга хэмжээ байхгүй. Бид зөвшилцөж асуудлаа шийддэг. Мөн бид ШӨХТГ-т хандсан байна. Хэрвээ торгууль оногдуулна гэвэл бид дэмжинэ.
Улс төрийн нөхцөл байдал ийм байхад нефть импортлогчид хүлээж болох байсан. Улс төрийн нөхцөл байдалтай давхцуулах шаардлагагүй. Ихэнх импортлогч компаниуд утсаа аваагүй. Шунхлай компани утсаа авч АИ-92-оос бусад бүтээгдэхүүний үнийг 200 төгрөгөөр бууруулна гэж хэлж, хэлсэндээ хүрсэн. Шатахууны үнийг хэвийн байдалд нь оруулахын төлөө ажиллана” гэв.
Шатахууны үнэ нэмэгдэх нь иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлнө
Жолооч Бат (нэрийг нь өөрчлөв) "Нэг өглөө сэрэхэд л шатахууны үнэ нэмэгдсэн байна. Ингэж их нэмэгдсэн гэдгийг фэйсбүүкээс л мэдлээ. Шатахууны үнэ огцом нэмэгдсэн нь хэцүү байна. Одоо удахгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад л нэмэгдэнэ. Бүх тээврүүд бензин түлштэй холбоо хамааралтай юм чинь юмны үнэ дагаад өсөх нь цаг хугацааны л асуудал болоод байна. Ер нь нэг өглөө босоход л шатахууны үнийг арай дэндүү нэмсэн байгаа юм. Арай бага дүнгээр 50, 50 төгрөгөөр ч биш 200 төгрөгөөр нэмнэ гэдэг бол арай дэндүү хүнд дарамт болж байна" гэлээ.
Жолооч Сүхээ (нэрийг нь өөрчлөв) "Ямар ч урьдчилж мэдэгдсэн зүйл байхгүй. Гэнэт л 200 төгрөгөөр нэмнэ гэдэг бол байж боломгүй зүйл. Литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг бол маш өндөр мөнгөн дүн юм. Одоо тэгээд дагаад л өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж таарна. Үнэхээр хэцүү л байна. Ямар үндэслэлээр шатахууны үнийг өсгөснийг нефт импортолдог байгууллагууд мэдэх байх. Учир шалтгаанаа тайлбарлах хэрэгтэй" гэв.
Жолооч Болд (нэрийг нь өөрчлөв) "Шатахууны үнэ нэмэгдсэн нь ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байна. Энэ бол Засгийн газрын буруу. Ард иргэдийн ч буруу мөн. Учир нь ард иргэд нэг намдаа хэт туйлширч улс эх орноо зөвөөр удирдах хүмүүсийг сонгож чадахгүй байна" гэсэн юм.
Жолооч Долгор (нэрийг нь өөрчлөв) "Зүв зүгээр байж байснаа л гэнэт нэг өдөр шатахууны үнээ нэмнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Миний бодлоор Засгийн газраа эсэргүүцэж нефт импортлогч компаниуд нь л ийм зүйл хийдэг байх. Арай л дэндүү огцом нэмж байгаа юм. Ингэж болохгүй шүү дээ" гэв.
Жолооч Жамсран (нэрийг нь өөрчлөв) "Ард түмний нуруун дээрх ачаа л нэмэгдэж байна даа. Бензиний үнэ нэмэгдэхэд дагаад тээврийн зардал ч нэмэгдэнэ. Бараа бүтээгдэхүүний үнэ ч тодорхой хэмжээгээр нэмэгдэх л байх. Бидний авч байгаа цалин хэд билээ. Би чинь группт байдаг хүн. Сардаа 575 мянган төгрөг авдаг. Энэ мөнгө сард хүрэхгүй байна шүү дээ. Ард түмний амьдрал хэцүү байна. Бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгдэх үед миний авч байгаа группийн мөнгө амьжиргаанд минь яаж хүрэх үү. Байрны мөнгө, тог усны мөнгө, хоол хүнс гээд мах нь өнөөдөр хэдэн төгрөг байгаа билээ. Зайлшгүй нэмэлт ажил хийж байж арай гэж л хэдэн төгрөг нь хүрж байна. Амьдрал ийм хүнд байхад шатахууны үнээ нэмнэ гэдэг бол арай л дэндүү байгаа юм" гэлээ.
ААН-үүдийн үнээ нэмсэн энэ үйлдэл нь Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагууд шалгаж байгаа юм. Нийслэлд 200, орон нутагт 500 төгрөгийн нэмэгдэлтэй холбоотойгоор нефть импортлогч компаниудад торгууль ногдуулах нөхцөл үүссэн эсэхийг шалгаж, хууль журам зөрчсөн нь тогтоогдвол арга хэмжээ авна гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.