УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: 2026 оныг боловсролын жил болгохоо зарласан. Энэ хүрээнд боловсролын хүртээмж болон чанар гэсэн хоёр асуудлыг сайжруулахаар ажиллаж байна. Ерөнхий боловсролыг сургуулийг хоёр ээлжтэй болгож, цаашлаад өссөн нэмэгдэж буй сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалт чухал байна. Санаа зовох олон зүйлс байна. 2025 онд улсын төсөв төлөвлөсөн орлогоо төвлөрүүлж чадах уу. Инфляцаа алдлаа. Сангийн яамнаас орлогын төлөвлөлт дээр хариулт авмаар байна. Нийслэл энэ жил 40 сургууль барина гэж оруулж ирсэн. 40 сургуулийн байршил тодорхой болсон уу. Байршлаа гаргасны дараа зураг, техникийн нөхцөл хийх ёстой. Тендерт оруулах бэлтгэлээ маш сайн хангах ёстой. Ингэхгүй бол бэлтгэл хангаагүй гэдэг шалтгаанаар хөрөнгө оруулалтаас хасагддаг. Энэ дээр хэрхэн анхаарч байна вэ?
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат: Улсын төсвийн орлого 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар тэнцвэржүүлсэн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.2 их наяд төгрөгөөр тасарсан үзүүлэлттэй явж байна. Эхний дөрвөн сарын байдлаар 25 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээ адил ч, үнэ бууралттай байна. Нүүрсний үнэ он гарсаар 44 хувиар буурсан. Үүнтэй холбоотойгоор төсвийн орлогын гол бууралт үүсэж байна. Үнэ бол цэвэр зах зээлээсээ хамаарч байгаа учраас олон улсын нөхцөл байдал, шинжээчдийн таамгийг ажиглаж байна. Хэрвээ үнэ буурахгүй, оны эцэс хүртэл явбал төсөв 2.3 их наяд төгрөгөөр буурах төлөвтэй байна. Нөгөө талд Сангийн сайдаар ахлуулсан экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг гарч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хэрвээ экспортоо нэмэгдүүлж чадвал энэ бууралт багасах боломжтой.
Боловсролын сайд П.Наранбаяр: Нийслэл 40 байршлаа ирүүлээгүй байна. Яаралтай ирүүлэхийг яамны зүгээс шахаж ажиллаж байгаа. Ирүүлсэн үед нь судлаад ирэх жилийн төсөвт оруулахгүй бол амжихгүй тал руугаа орж байна. Хоёрт, 2030 он гэхэд ЕБС-ийн сурагчийн тоо 80 мянгаар нэмэгдэнэ. Үүнд зориулж өнөөдрөөс эхэлж 95 сургууль, 108 цэцэрлэг барих шаардлагатай. Үүнд шаардлагатай тоног төхөөрөмж, сургалтын хэрэгслийнх нь бүх зүйл нь тав тухтай байх зорилго тавьсан. Энэ чиглэлд төсвөө бүрэн тусгахын төлөө ажиллана.