Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Б.Батцэцэг: А.Төмөр Элчин сайдын хугацааг сунгасныг энэ хэрэгтэй холбох нь утгагүй

Б.Батцэцэг: А.Төмөр Элчин сайдын хугацааг сунгасныг энэ хэрэгтэй холбох нь утгагүй
Нийтэлсэн 9 минутын өмнө
Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон нь энэ сарын 09-ний өдөр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас  унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэвлэлд мэдээлэл өглөө. Тэрээр “А.Төмөр Элчин сайдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье. А.Төмөр сайдтай холбогдсон. Өөрөө золгүй явдал болсон гэж мэдэгдсэн. А.Төмөр сайд сургууль төгсөөд л манайд ажиллаж эхэлсэн, олон жил ажиллаж байгаа. Карьер нь өсөж яваад Элчин сайдаар томилогдсон, олон улсын эрх зүйч мэргэжилтэй хүн. Тайландын цагдаагийн байгууллагаас золгүй явдал гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан гэж надад хэлсэн. Сэтгэл санаа нь маш хүнд байгаа. Гурван хүүхэдтэй, бага хүүхэд нь бие муутай.  Хүүхдүүд нь ч маш хүнд, өөрөө ч бараг ярьж чадахгүй сэтгэлзүй хүнд байгаа. Ийм үед нь асуудал болгоод дэвэргээд, олон нийтийн сүлжээгээр авч хэлэлцээд байгаа нь зохимжгүй санагдаж байгаа. Хэнд ч тохиолдож болох зовлон учраас ар гэрийнхэнд нь хүндэтгэлтэй хандаасай гэж хүсэж байна. 49 хоног нь өнгөрөхөөр өөрөө мэдээлэл өгнө гэсэн.
Тайланд хууль дүрэмтэй улс. Хэргийн газар очоод дүгнэлтээ гаргасан болохоор би өөрийнх нь үгэнд итгэж байгаа. Талийгаачийн ар гэрийнхэнд маш хүнд байгаа. Тэдэнд хүндэтгэлтэй хандах ёстой.
Элчин сайдын тухайд тэдэн сарын тэдэнд яваад тэдэнд ирнэ гэсэн нарийн хугацаа байдаггүй. Дипломат ёсонд Элчин сайд дөрвөн жилээр томилогддог. Өөрийнх нь хүсэлтээр нэг жилээр сунгасан. Энэ жил хугацаа нь дуусаад ирнэ. Олон улсад ч ийм жишиг байдаг. Хугацааг энэ хэрэгтэй холбох утгагүй асуудал Ажлын зайлшгүй шаардлага байсан. Энэ асуудалд хүний ёсоор хандаасай гэж хүсэж байна” гэлээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн