Open iToim app
Улс төр | 4 мин уншина

Э.Болормаа: Зарим хүн “Огцрох амархан” гээд байгаа. Гэхдээ эдийн засгийн өсөлт авчрах, төрийг тогтвортой байлгах маш хэцүү

Э.Болормаа: Зарим хүн “Огцрох амархан” гээд байгаа. Гэхдээ эдийн засгийн өсөлт авчрах, төрийг тогтвортой байлгах  маш хэцүү
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 23
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулж авлаа.
-УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 2025 оны төсвийг алдагдалгүй баталсан гэдэг дээр эсрэг байр суурьтай байдаг. Монголбанканд алдагдал нэрээр бичигдчихсэн 7 их наяд төгрөг байгаа. Үүний дийлэнх нь орон сууцны санхүүжилтийн буюу ипотекийн хөтөлбөрт явсан. Энэ бол Монгол Улсын төсвийн зарлагад бичигдэж байх ёстой мөнгө. Түүнчлэн "Ирээдүйн өв" санд АМНАТ-ийн төлбөрөөс орох ёстой 65 хувийн төлбөрийг 20 хувь, 40 хувь гэж дураараа хасаад явчихсан. Үүний цаана 1-2 их наяд төгрөгийн асуудал явж байгаа. Ингээд үзэхээр 30 гаруй их наяд төгрөгийн төсвийн зарлагын багадаа 20 орчим хувийг хуримтлагдсан алдагдал эзэлж байна. Түүнчлэн, сүүлд ярьсан бартер гэдэг төсвийн алдагдлыг нуун дарагдуулах гэж байгаа зүйл шүү дээ. Заавал бие биеэ хуурах шаардлагагүй. Хэрэв үнэхээр алдагдалгүй гэж үзэж байгаа бол тодорхой тоо, баримт дурдаж байр сууриа илэрхийлнэ үү гэж хүсэж байна.
-Сангийн сайд Б.Жавхлан: О.Цогтгэрэл дарга төсвийн хүрээ яригдах болгонд үүнийг асуудаг юм. Хэрвээ та баталсан төсөвтөө итгэлгүй байгаа бол төсөв батлах хэрэг байна уу. Төсвийн зардлыг бид байнга бууруулах хэрэгтэй, алдагдалгүй байх хэрэгтэй гэдэг зарчмын шаардлагыг та тавьж байсан. Үүнтэй бид санал нийлээд төсөв баталсан. УИХ-аар баталсан 14 мега төслүүд 100 гаруй их наяд төгрөгийн төсөвтэй гэж гарсан. Төсвийн зардлыг жил бүр бууруулж, алдагдалгүй батлах ёстой. Мөн энэ том бүтээн байгуулалтын төслийг төсөвтөө багтаах ёстой гэхээр таны хэлж байгаагаар яаж багтаах вэ. Танд шийдэл байна уу. Хэрэв байвал УИХ-д оруулж ирээд хэлэлцэх бүрэн боломжтой. Одоо бид зайлшгүй төрөөс санхүүжих ёстой төслүүдээ л аваад явъя гэдэг зарчмаар л явж байна. Энэ тохиолдол бид олон улсад хэрэглэгддэг практик туршлагуудыг нутагшуулах хэрэгтэй. Төр хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалт, баялгийн солилцоо гээд байгалийн баялагтай бүх улсын туулж өнгөрүүлж байгаа сайн туршлагууд юм. Үүнийг  олон улс хэрэглээд хөгжөөд байхад бид яагаад хэрэглэж болохгүй гэж. Гэтэл улс төржүүлж жижигхэн эрх ашгаар бие биеийгээ  тонгоруулж унагаагаад байвал ахиад 10, 20 жил гацна.
undefined
-УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Инфляцын түвшнийг тооцож гаргахдаа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төсөөллийг хэрхэн харгалзаж үзсэн бэ. Хоёрдугаарт, нүүрсний үнэ буурч байгаатай холбоотой гадаад валютын нөөцийн хэмжээнд нөлөөлж, улмаар инфляц ирэх жилүүдэд төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй болох эрсдэлийг тооцсон уу?
-Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс санал авдаг. Засгийн газрын тооцооллыг би хамгаална. Зардлын хязгаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс доогуур байгаа. Өөрөөр хэлбэл, орлого, инфляцын түвшин ч гэсэн доогуур байгаа. Бидний оруулж ирсэн инфляцын түвшин Төв банкныхтай ойролцоо байна.
-УИХ-ын гишүүн Э.Болормаа: Улс төрийн бужигнаанаас болж Засгийн газрын олон улсад гаргасан бондуудын үнэ огцом унаж байна. Зарим хүн “Огцрох амархан” гээд байгаа. Гэхдээ эдийн засгийг өсөлт авчрах, төрийг тогтвортой байлгах гэдэг маш хэцүү. Зөвхөн ирэх жилүүдийг ярилгүй энэ жилийн 2025 оны өрийн менежментийг хэрхэн хийх гэж байна.

Б.Жавхлан: Өрийн менежментээ өмнөх жилүүдэд сайн хийсэн болохоор 2025,  2026 онд бидэнд тулсан бондын өр байхгүй

undefined
-Сангийн сайд Б.Жавхлан: Бид 2025 онд төлбөл зохих ёстой байсан 650  сая долларын өрийг өмнөх жилүүдэд зохицуулалт хийгээд төлөхийг нь төлсөн. Тийм учраас 2025,  2026 онд бидэнд тулсан бондын өр байхгүй. Харин урт хугацаатай олон болон хоёр талт хөгжлийн төслүүдэд авсан хөнгөлөлттэй зээлүүдийн төлбөрүүд байгаа. Үүнийг төсөвт багтаагаад явж байна. Ер нь төсвөөс дахиж томоохон төслүүд рүү чиглүүлэхгүйгээр дахиж төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх богино хугацаатай, өндөр хүүтэй бонд авахгүй. Ийм стратегийг оруулж ирж байгаа гэсэн үг. Мөн хэрвээ хоёр болон олон талын төсөл хөтөлбөр авлаа гэхэд дандаа төсөл нь өөрийгөө санхүүжүүлдэг хөтөлбөрүүдэд зээл авна. Тухайлбал, хэдхэн сарын өмнө батлуулсан нефть боловсруулах төсөл байна. Энэ төсөл нь Монгол Улсын хамгийн том зээлийн санхүүжилтээр бий болж байгаа төсөл. Энэ төслийг яаралтай ашиглалтад оруулж үр өгөөжийг нь хүртэх хэрэгтэй байгаа. Үүнийг чадвал жил бүр бензиндээ төлж байгаа 2 тэрбум долларын талыг нь ядаж авч үлдэнэ. Ийм үр дүнтэй төслүүд дээр сүүлийн жилүүдэд Засгийн газар зээл авч байгаа. Тэрнээс биш сандал, ширээ, байшин санхүүжүүлэх яваандаа төсөвт ачаалал, зардал нэмэх нийгмийн шинжтэй төсөл, хөтөлбөрөөс татгалзаж байна. Ийм дараагийн гурван жилийн төлөвлөгөө орж байгаа гэдгийг хэлье.  
undefined
-УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогоо байж болох хамгийн доод хэмжээгээр төлөвлөсөн гэж байгаа. Харин зарлагыг байж болох хамгийн дээд хэмжээгээр нь 33 их наяд 479.5 тэрбум гэж тооцоолж оруулж ирсэн. Энэ бол төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл. Ингэж тооцоолж байгаа  арга хэр бодитой вэ. Зарлагыг байж болох доод хэмжээгээр төлөвлөж оруулж ирж болдоггүй юм уу.
-Эдийн засаг хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү: Салбар яамд төсвийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлын хэмжээг аль болох өндөр байлгах, олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх хүсэлтэй байдаг. Хүслийн жагсаалт гэдэг шиг. Үүнийг хүссэн хэмжээнд тавьж өгөөд доод хязгаарыг тавья гэвэл эх адаггүй зардал нэмэгдэх боломжтой болно. Орлогын хувьд бодит гүйцэтгэл дээр өндөр гарвал сайн. Зарлагын хувьд хязгаарлаж өгөхгүй бол төсөв тэлэх эрсдэлтэй.
 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн