Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Алтны олборлолт, тушаалтаа нэмэгдүүлбэл ТӨГРӨГ чанга байх боломжтой

Алтны олборлолт, тушаалтаа нэмэгдүүлбэл ТӨГРӨГ чанга байх боломжтой
Нийтэлсэн 19 минутын өмнө
Дэлхийн зах зээлд нэг унц алт 3330 ам.долларт хүрлээ. Алтны үнэ он гарсаар 26, жилийн өмнөхөөс 41.2 хувиар өсөв. Цаашид ч алтны үнэ тогтмол өсөж, 3700-4000 ам.доллар ам.долларт хүрнэ гэж Goldman Sachs таамаглажээ. Алт ямар ч цаг үед үнэ цэнээ алддаггүй хамгийн сайн хөрөнгө оруулалтад тооцогддог. Тиймдээ ч эдийн засагт үүсэх гэнэтийн шок, зах зээлийн ойлгомжгүй үед хөрөнгө оруулагчид эргэлзээгүйгээр алтанд хөрөнгө оруулдаг. 2025 он гарсны дараа Америк, Хятадын тариф дайн, худалдааны маргаан дэлхийн хөрөнгийн зах зээлийг унагаж, хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулаад буй. Хөрөнгө оруулагчид айдастай, эдийн засагт хямралын шинж тэмдэг илэрсэн үед алт худалдан авах хандлага илүү нэмэгддэг байна. Дэлхий дахинд ийм үзэгдэл давамгайлж байгаа аж.
Шинжээчид алтны үнэ өсөж байгаад дараах хүчин зүйл нөлөөлж байна гэж тайлбарлажээ.
Инфляц ба мөнгөн тэмдэгтийн сулрал: Өндөр инфляц нь худалдан авах чадварыг бууруулж, хүмүүсийг хөрөнгөө илүү найдвартай эх үүсвэрт хадгалах арга зам хайхад хүргэдэг. АНУ-ын ам.доллар суларч хөрөнгө оруулагчид алтыг сонгож, эрэлт нь нэмэгддэг.
Геополитикийн хурцадмал байдал: Орос, Украины хооронд дахь дайн, Ойрхи Дорнодын мөргөлдөөн зэрэг олон улсын зөрчилдөөнүүд санхүүгийн тогтворгүй байдлыг бий болгож байгаагаас гадна худалдааны маргаан, эдийн засгийн хориг арга хэмжээнүүд хөрөнгө оруулагчдыг алтыг сонгоход хүргэж байна.
Төв банкуудын алт худалдан авалт: Хятад, Орос, Энэтхэг зэрэг орнууд АНУ-ын ам.долларын нөлөөг бууруулахын тулд алтны нөөцөө эрс нэмэгдүүлж байна. Үүнийг дагаж алтны эрэлт ихсэж, үнэ өсөх гол хүчин зүйл болж байна.
Хөрөнгийн зах зээлийн савлагаа: Хувьцааны зах зээл тогтворгүй байх үед хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж, алтанд хөрөнгө оруулалт хийхийг эрмэлздэг. Сүүлийн үед хөрөнгийн зах зээл уналтад орж, эдийн засгийн удаашралын айдас нэмэгдсэн нь алтны эрэлтийг ихэсгэж байна гэжээ.

Монгол Улс боломжийг ашиглаж чадах уу

Дээрх таамаглалаас харахад, алтны үнэ урт хугацаанд өсөлттэй байх нь ойлгомжтой байна. Алтны үнэ өсөх нь мэдээж алттай улсад хамгийн ашигтай. Алт бол аливаа улсын мөнгөн тэмдэгтийн баталгаа бөгөөд улсын валютын нөөцөд тооцогддог үнэт металл. Монгол Улсын хувьд төгрөгийн ханшаа чанга байлгах, улсын валютын нөөцөө зузаатгах боломжит хувилбар нь АЛТ байж магадгүй. Манай улсын экспортын орлогын дийлэнх нь нүүрсний салбараас хамааралтай. Гэвч Хятадын эдийн засгийн удаашрал, худалдааны бодлогоос нь шалтгаалан нүүрсний үнэ унаж, Монголын орлого тасалдаж эхэлсэн. Нүүрснээс олох ам.долларын урсгал багасаж байгаа энэ үед зэс, алтны үнэ өсөж байгаа нь нэг талаараа аз. Харин Монгол Улс энэ боломжоо бүрэн ашиглаж чадах уу?
Засгийн газраас алтны олборлолтыг идэвхжүүлж, алт тушаалтыг нэмэгдүүлэх хүрээнд “Алт 3” аяныг орон даяар хэрэгжүүлэх үүргийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин аялал жуулчлалын сайд С.Одонтуяа нарт даалгасан. Энэ хүрээнд:
  • Улсын хэмжээнд хайгуул хийж, ашиглахад бэлтгэгдсэн 3 тонноос дээш нөөцтэй алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судалж, УИХ, Засгийн газарт танилцуулан холбогдох шийдвэрийг гаргуулах,
  • Төрийн өмчит Эрдэнэс Монгол  ХХК-ийн харьяа алтны нөөц бүхий төслүүдийн ашиглалтыг нэн даруй эхлүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлээр ашиглах саналыг боловсруулах,
  • Монголбанкинд алт тушааж байгаа томоохон нөөц бүхий алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн татвар ногдуулах босгыг нэмэгдүүлэх,
  • Орон нутагт хуулийн дагуу ажиллаж байгаа алт олборлогч аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллах талаар Засаг дарга болон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөжээ.
undefined
Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин: Монгол Улсын Засгийн газраас алтны олборлолтыг нэмэгдүүлж, алт болон гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэх тал дээр чухал дэмжлэг болох “Алт 3” аяныг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Олон улсын зах зээл дээр үнэ өссөн цаг үеийг ашиглаж, алтны олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн хүрээнд олборлолтыг дэмжих бодлогын зохицуулалтуудыг хийх шаардлагатай.
Монголбанкны зүгээс "Алт-3" аян хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан уг хөтөлбөрт оролцогч талуудтай хамтран ажиллаж, шаардлагатай бодлогын өөрчлөлтийг Монголбанкны үнэт металл худалдаж авах үйл ажиллагааны журамд тусган ажиллах боломжтой гэдгийг онцолжээ.

"Алт 3" хөтөлбөр амжилттай хэрэгжвэл алт тушаалт жил бүр 10 тонноор нэмэгдэнэ

undefined
2024 оны байдлаар Монгол Улс 440 тонны алтны нөөцтэй бөгөөд үүний 400 орчим тонн нь үндсэн орд бол 40 тонн нь шороон орд эзэлж байна. "Алт 3" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, ойрын хоёр жилд шороон ордын олборлолтыг идэвхжүүлбэл Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ 20-30 хувиар өсөх боломжтой аж. 2024 онд Монголбанк 16.4 тонн алт худалдан авсан бөгөөд энэ жил 20 тонн алт худалдан авахаар төлөвлөж байгаа юм.
Түүнчлэн, "Алт 3" хөтөлбөрийн хүрээнд 45 алтны үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал жил бүр алт тушаалт 10 тонноор нэмэгдэх тооцоо гарчээ. Хууль эрх зүйн хүрээнд тогтвортой ажиллах нөхцөл боломжоор хангавал алтны илэрцтэй ордууд цөөнгүй байгаа бөгөөд эдгээр ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад төр, хэвийн хэвшлийн байгууллагууд нягт хамтран ажиллах шаардлага үүсэж байгаа аж.
Дараагийн хэсэгт Монгол Улсад илрээд байгаа алтны үндсэн ордуудын нөөц боломжийн талаар бэлтгэн хүргэх болно.
 
 
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн