УИХ-ын чуулганаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Тус хуулийн өөрчлөлтөөр цахим мөрийтэй тоглоомыг хориглох юм.
Цахим мөрийтэй тоглоом тоглож иргэд санхүүгийн эрсдэлд орж байгаагаас гадна жилд манай улсаас 500 сая ам.долларыг мөрийтэй тоглоомонд алдаж байгаа учраас Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьсан.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд криптовалюттай холбоотой гадаад гүйлгээний урсгал эрчтэй нэмэгдэж байгаа. 2021 онд 120 сая ам.доллар байсан бол 2024 онд 578 сая ам.доллар болж нэмэгдсэн. Энэ оны эхний улирлын байдлаар 87 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн байна. 2021 оны гүйлгээнээс дөрөв дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор Төв банкнаас хэд хэдэн арга хэмжээ авсан. Жил бүхэн гүйлгээ хийж байгаа банкууд өөрчлөгдөж байна" гэсэн юм.