Аутизм нь мэдрэлийн болон хөгжлийн эмгэг бөгөөд хэвийн бус байдлаар биеэ авч явах, харилцах, суралцахад хүндрэлтэй байдалд хүргэдэг. Аутизмын оношилгоо дэлхий дахинд 2000 оноос хойш мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.
Аутизм хэрхэн оношлогддог вэ
Аутизмын спектрийн эмгэгийг (ASD) оношлох бодит арга хэрэгсэл байдаггүй. Харин ажиглалт, ярилцлагад үндэслэн оношийг тавьдаг. ASD-тай зарим хүн ярианы чадвар сайтай байдаг бол зарим нь эсрэгээрээ байдаг. Америкийн Хүүхдийн анагаах ухааны академи ихэнх хүүхдэд шинж тэмдэг илэрч эхлэх 18, 24 сартайд нь бүх хүүхдийг аутизмын илрүүлэг шинжилгээнд хамруулахыг зөвлөж байна.
Аутизм хэр түгээмэл байдаг вэ
АНУ-ын Өвчний хяналт ба Урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр 2022 он гэхэд найман настай хүүхдүүдийн аутизмын түвшин 31 хүүхэд тутмын нэг буюу 3.2 хувь, 2020 онд 2.77 хувь, 2018 онд 2.27 хувь, 2000 онд 0.66 хувиар өссөн байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2012 онд хүүхдийн өвчлөл дэлхийн хэмжээнд нэг хувьтай байна гэж тооцоолж байсан бөгөөд олон оронд тохиолдлыг илрүүлэх, мэдээлэх нөөц хомс байгааг анхааруулж байв.
Аутизмын шалтгаан тодорхойгүй байна. Судалгаанаас харахад аутизм нь эхийн жирэмслэлтийн үеийн хүчин зүйлтэй холбоотой байдаг ба зарим судалгаагаар төрөх үеийн хүндрэлтэй холбоотой болохыг харуулдаг. Аутизм үүсэх эрсдэлийн 80 орчим хувийг удамшлын хүчин зүйл бүрдүүлдэг гэж судалгаагаар тогтоожээ. Судалгааны чиглэл нь эпигенетик буюу удамшлын болон хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэлд төвлөрч байна. Нэгэн онолоор эмэгтэй хүн жирэмслэхээс өмнө эсвэл жирэмсэн байх үедээ агаарын бохирдол, хортой бодист өртөх нь түүний хүүхдэд аутизм үүсэхэд хүргэдэг генетикийн мутацийг өдөөдөг гэж үздэг. Аутизмын өндөр эрсдэлтэй холбоотой удамшлын эмгэгүүдийн дунд “Fragile X” хам шинж, булцуут склероз, Фелан-МакДермидын хам шинж, Прадер-Вилли хам шинж орно. Бусад эрсдэлт хүчин зүйлд маш бага жинтэй төрөх, нярайн шарлалт, умайд болон төрөх үеийн хүндрэл, гэдэс дотор эрүүл бус олон төрлийн организм, дархлааны тогтолцооны эмгэг, аутизмтай ах дүүтэй байх, нас, таргалалт, чихрийн шижин зэрэг эцэг эхийн хүчин зүйлүүд мөн багтаж байна.
АНУ-ын Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Роберт Кеннеди болон бусад олон нийтийн зүтгэлтнүүд шинжлэх ухааны нотолгооноос үл хамааран хүүхдийн вакцин нь аутизмын шалтгаан болдог гэсэн онолыг мөн дэвшүүлсэн. Энэ санаа нь 1990-ээд оны сүүлээр Британийн судлаач Эндрю Уэйкфилд хийсэн судалгаагаар аутизмын өвчлөл нэмэгдэж байгаа нь улаанбурханы эсрэг вакциныг өргөнөөр хэрэглэсэнтэй холбосон судалгаанаас үүдэлтэй юм. Аутизм ба вакцин, эм, тэдгээрийн бүрэлдэхүүн хэсгүүд, тухайлбал тимеросал, формальдегид хоёрын хооронд ямар ч нарийн судалгаа гараагүй байна. Аутизмын тоо нэмэгдэхийн хэрээр вакцинжуулалтын хувь буурчээ.
Аутизмын түвшин яагаад нэмэгдэж байна вэ
2013 онд сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд аутизмын эмгэг, Аспергерийн эмгэг, хөгжлийн түгээмэл эмгэг гэсэн гурван тусдаа оношийг аутизмын спектрийн эмгэгийн дор нэгтгэсэн. Эрдэмтэд мөн зарим эрсдэлт хүчин зүйлүүд, тухайлбал, дутуу төрсөн, эсвэл өндөр настай эцэг эхээс төрсөн хүүхэд аутизмтэй болох тохиолдол түгээмэл болж байгааг тэмдэглэжээ.