Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2024–2025 оны улирлын шийдвэрлэх сүүлийн тоглолт өчигдөр буюу тавдугаар 21-нд амжилттай зохион байгуулагдлаа. Финалын цувралын зургаа дахь тоглолтод Хасын Хүлэгүүд баг Бишрэлт Металл багийг 81:78 харьцаатайгаар буулган авснаар цувралыг 4:2 харьцаагаар тэргүүлж, аваргын цомоо хамгааллаа. Ийнхүү Үндэсний дээд лигийн 30 дахь улирлын түүхт ойн жилд Хасын Хүлэгүүд баг 15 удаа шигшээ цувралд шалгарч, 9 удаа аварга авч байна. Тодруулбал, 2008, 2009, 2010, 2014, 2017, 2018, 2022, 2024, 2025 зэрэг онд Хасын Хүлэгүүд баг аваргаар тодорсон юм. Хасын Хүлэгүүд багийн ахлах дасгалжуулагч Э.Ариунболд, туслах дасгалжуулагч Ц.Эрдэнэбаясгалан ажилласан аж. Энэхүү баг дээд лигийн аварга болж 500 сая төгрөгийн шагналын эздээр тодорлоо.
Харин гурав дахь жилдээ аваргын төлөө тунаж үлдсэн Бишрэлт Металл баг мөнгөн медаль хүртэж, хөгжөөн дэмжигч, үнэнч фанатууд болон нийт сагсан бөмбөг сонирхогчдодоо хүчтэй өрсөлдөгч гэдгээ дахин харууллаа. Мөн 250 сая төгрөгийн шагналын эзэд боллоо.