Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Д.Ганхуяг: Өдөрт дунджаар 250–300 орчим зам тээврийн осол бүртгэгдэж байна

Д.Ганхуяг: Өдөрт дунджаар 250–300 орчим зам тээврийн осол бүртгэгдэж байна
Нийтэлсэн 1 минутын өмнө
Урин дулаан цаг ирж байгаатай холбоотой зам тээврийн осол зөрчлүүд нэмэгдэх хандлагатай байгаа юм. Ялангуяа хөдөө, орон нутгийн замд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол 90 гаруй хувийг эзэлж байна. Түүнчлэн скүүтер, суррон зэрэг цахилгаан тээврийн хэрэгслээс үүдсэн осол зөрчлийн тоо улам л нэмэгдсээр байна. Эдгээр асуудлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуяг мэдээлэл хүргэлээ. 
Тэрээр “2025 оны эхний улирлын байдлаар цагдаагийн байгууллагад зам тээврийн ослын шинжтэй нийт 31,776 дуудлага мэдээлэл хүлээн авсан бөгөөд үүнээс 6482 нь ослын бүртгэлд орж шалгагдсан байна. Эдгээр ослын улмаас 122 хүн амь насаа алдаж, 764 хүн гэмтэж бэртсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас баралт 67.1 хувиар, гэмтсэн хүний тоо 12.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн хүүхэд оролцсон зам тээврийн осол 183 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 14.4 хувиар өссөн бөгөөд 11 хүүхэд амь насаа алдсан нь 83.6 хувиар өсжээ.
Нийслэл хотод ихэвчлэн эд материалын хохиролтой ослууд бүртгэгдэж байгаа бол хүн амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлын 86.6 хувь нь орон нутгийн замд гарч байна. Үүний гол шалтгаан нь хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориотой нөхцөлд хийх, шөнийн цагаар гэрлээ шилжүүлээгүйгээс үүдэлтэй онхолдох, мөргөлдөх, араас мөргөх, мал амьтан дайрах зэрэг ослууд зонхилж байна. Харин нийслэлд гарч буй зам тээврийн ослуудын шалтгаанд замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй, эгнээ байр зөрчих, гэрлэн дохио зөрчих зэрэг нь давамгайлж байгаа юм. Өдөрт дунджаар 250–300 орчим осол, зөрчил бүртгэгдэж байна. Бага насны хүүхдүүдийн хувьд зам тээврийн осолд өртөх гол шалтгаан нь буруу тээвэрлэлттэй холбоотой байдаг.
Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор цахилгаан тээврийн хэрэгсэл ялангуяа скүүтер, сурроны хэрэглээ нэмэгдэж энэ төрлийн осол зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Энэ онд батлагдсан MNS 45:98:20:25 стандартаар эдгээр тээврийн хэрэгслийг ямар ангилалд хамаарахыг тодорхой болгосон бөгөөд жишээлбэл Jet скүүтер нь техникийн үзүүлэлтээрээ мопед ангилалд хамаарах тул 16-аас доош насны хүүхэд унахыг хориглосон. Түүнчлэн цахилгаан дугуй нь мотоциклын ангилалд хамаардаг тул 18-аас дээш насны, А ангиллын үнэмлэхтэй хүн бүрэн хамгаалалтын хэрэгсэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцох ёстой. Мөн улсын дугаар, толь, дохио бүхий, үзлэг оношилгоонд хамрагдсан тээврийн хэрэгслээр дугуйн замаар эсвэл замын баруун гар талын эгнээгээр зорчих шаардлагатай юм. Цагдаагийн байгууллага энэ төрлийн тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтын ажлыг хийж байгаа. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хуулийн дагуу зөрчил гаргасан тохиолдолд арга хэмжээ авч, насанд хүрээгүй хүүхэд скүүтер, суррон зэргээр зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийг журамлан, 400 мянган төгрөгөөр торгох зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байна.
Дулааны улирал эхэлж, орон нутгийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа тул тээврийн хэрэгсэл жолоодож буй иргэд хурдаа тохируулж, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд хийхгүй байх, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гүйцэж түрүүлэхээс зайлсхийх, шөнийн цагаар гэрлээ шилжүүлж явах шаардлагатай. Учир нь таны зам гэрэлтэй байхад бусдын зам харанхуй байж болохгүй. Энэ нь бусдын амь нас, аюулгүй байдалтай шууд холбоотой учраас гэрлээ заавал шилжүүлж явах нь нэн чухал юм" гэлээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн