МАН-ын Бага хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр өнөөдөр /2025.05.22-нд/ мэдээлэл өглөө.Тэрээр "Намынхнаасаа нэг зүйл хүссэн нь хэт их улс орны эрх ашгийг уландаа гишгэсэн улс төрийг битгий хийгээсэй. Бидний сонгуулиар ард түмэнд амласан амлалтууд одоогийн Засгийн газрын хөтөлбөрт орсон байгаа. Ялангуяа ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд орсон, төрийн албан хаагчийг есөн хувиар бууруулах шийдвэр МАН-ыг цочроосон юм болов уу. Мөн төрийн өмчийн компаниудын орон тоог 15 хувиар бууруулах, бизнест эрх чөлөө өгч, төрөө хямгадъя гэх бодлого нь их том цочрол өгөх шиг боллоо. АН-ыг гар гэхэд нь гарч байгаа явдал бус хамтдаа хариуцлага хүлээж буй хэрэг юм. Өнөөдөр 13:00 цагаас МАН-ын дарга Ерөнхий сайдтай уулзалт хийх болно. Гэрээн дээр хамтын хариуцлага гэх үг л бий. Мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлсийг эцэс хүртэл нь ажил хэрэг болгоно. Ялангуяа МАН-ын дэвшүүлсэн хөтөлбөрүүд, АН-ын хөтөлбөрүүд болон ХҮН намын дэвшүүлсэн хөтөлбөрүүд дотор тухайн намын үзэл санааг тээсэн хөтөлбөрүүдийг ажил болгох болно. Жишээлбэл, АН-ын дэвшүүлсэн хөтөлбөрийн гол цөм нь эдийн засгийн эрх чөлөө юм. Үүнийг заавал хийх болно. Мөн төрийн албыг цомхон болгох, албан хаагчдын тоог цөөлөх, засаглалаа цахим болгох зэрэг ажлыг хийх болно. Эдгээр хөтөлбөрүүдээс бид хэзээ ч урвахгүй, зайлшгүй хэрэгжүүлэх болно. Харамсалтай нь бидний ирэх он жилүүдэд хүндэрч буй бэрхшээлүүдийг давж гарахын төлөөх үйл хэрэг нь зарим нэг талцалд дуртай хуучны МАН-ын бодлогод нийцээгүй бололтой. Хуучин цагийн МАН сэрж байгаа юм байна. Харин АН энэ цаг үед эв эеийг хичээх хэрэгтэй. Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьж урагш алхах учиртай. Өнөөдөр гурван намын дарга уулзаж ямар түвшинд хариуцлага хүлээх талаар шийдэх болно. Ерөнхий сайдад АН-ыг гаргаад өөрөө дангаараа засаглая ч юм уу, өөр эвсэл байгуулаад цааш явъя гэх байр суурь байхгүй. Өнөөдөр бид гурав гэрээгээ урдаа тавиад хэлэлцэх болно. Харин гэрээ зөрчигдсөн учраас ямар ч тохиолдолд АН Засгийн газарт ажиллахгүй. Гэрээний зөрчил гэж байгаа нь Бага хурлын шийдвэрийг хэлж байгаа юм. Гэрээ бол уначихлаа. Тиймээс ямар түвшинд хариуцлага хүлээх талаар өнөөдөр ярилцах болно. АН гэрээгээ биелүүлээгүй гэдэг нь гүтгэлэг юм. Ийнхүү асуудлыг ярихдаа дандаа гүтгэлэг хэлбэрээр ярьдаг улс төрийн муу араншинг халах учиртай. Харамсалтай нь тийм ухаан МАН-аас гарсангүй. Манай намын гишүүдийн ярьж буй зүйл намын байр суурь огт биш. Намын байр суурь бол улс төрийн зөвлөл Үндэсний бодлогын хороогоор л гардаг. Гэрээнд бол гишүүдийнхээ амыг барина гэсэн зүйл байхгүй. Тийм зүйл дээр би гарын үсэг зурах ч үгүй. Гэрээнд тусгагдсан зүйлийн эсрэг явсан бол нам хариуцлага хүлээх ёстой. Цаашид бол жагсаалт гэж юу болох талаар сайн бодох хэрэгтэй болжээ. Намынхаа шийдвэрийг хатуу баримталж чадах хүмүүсээ парламентад оруулж байж улс төрийн нам бодлогоо хатуу барих юм байна. Намынхаа нэрээр гишүүн болсноо намынхаа бодлогыг сөрөөд ажиллана гэдэг бол буруу жишиг юм.