Сүүлийн жилүүдэд дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал, байгальд ээлтэй хөгжлийн зорилтуудыг онцгой анхаарч эхэлсэн. Энэ хандлагын нэгэн тод жишээ нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, нүүрсний давхаргын метан хийн салбарт үйл ажиллагаа явуулдаг TMK Energy компани юм.
Тус компани нь Монгол Улсад хэрэгжүүлж буй “Gurvantes XXXV” төслөөрөө дамжуулан Өмнөговь аймгийн бүс нутагт байгалийн хийг илрүүлэн олборлох, арилжаалах, дэд бүтэц байгуулах зэрэг шат дараалсан стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх жилүүдэд эрчим хүчний салбар дахь томоохон тоглогч болох бүрэн боломжтой гэдгээ харуулж байна.
2007 онд үүсгэн байгуулагдсан TMK Energy Limited нь Австралийн Баруун Перт хотод төвтэй бөгөөд хөрөнгийн бирж дээр ASX: TMK кодоор бүртгэлтэй.
Gurvantes XXXV: Монголын метан хийн ирээдүй
TMK Energy-ийн хамгийн чухал хөрөнгө бол Өмнөговь аймагт байрлах Gurvantes XXXV нүүрсний давхаргын метан хийн төсөл юм. 8,400 км² талбайг хамарсан уг төсөл нь 150 км урт үргэлжлэх, олон тооны нүүрсний тусгай зөвшөөрөл бүхий, өндөр чанартай битум нүүрсний ордуудын бүс нутагт байрладаг.
6 идэвхтэй нүүрсний уурхай
26 ашиглалтын тусгай зөвшөөрөл
Олон тооны хайгуулын тусгай зөвшөөрөл оршиж байна.
2022 онд хийгдсэн хайгуулын үр дүнд 1.2 их наяд шоо фут (2C зэрэглэлтэй) баталгаат нөөц тогтоогдсон нь Монгол Улсад бүртгэгдсэн хамгийн том байгалийн хийн нөөц болоод буй. Цаашид нэмэлтээр 5.3 TCF хэмжээтэй байгалийн хий байх боломжтой гэж үзэж байна.
Байгаль орчны талаас авч үзвэл, 2024 оны зургаадугаар сард Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Gurvantes XXXV” төслийн нарийвчилсан байгаль орчны үнэлгээг баталснаар тус компанид 2029 он хүртэл өрөмдлөг, үнэлгээний үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хууль ёсны эрх олгожээ. Энэ нь зөвхөн байгаль орчны стандартыг хангаж буй хэрэг бус, тус компанийн тогтвортой, урт хугацааны төлөвлөгөөг дэмжиж буй төрийн итгэлцлийг ч илтгэж байгаа аж.
Үйл ажиллагаа, технологийн дэвшил
TMK Energy-ийн гол үйл ажиллагаа нь Lucky Fox 1–6 сорилтын цооногуудыг өрөмдөхөөс эхэлсэн бөгөөд эдгээрээс гарч буй хий нь анхны таамаглалуудаас давсан амжилттай байгаа. 2025 оны хоёрдугаар сард сарын хамгийн дээд хэмжээнд хүрч 9,100 м³ хий үйлдвэрлэсэн нь өмнөх сараас 14 хувиар өссөн үзүүлэлт юм.
Түүнчлэн, шинэ цооногуудад анх удаа Distributed Temperature Sensing (DTS) технологи нэвтрүүлсэн нь хий, усыг илүү үр ашигтай, хяналттай нөхцөлд олборлох боломжийг олгож байна. Энэ нь Монгол дахь CSG төслүүдэд хэрэглэж буй анхны өндөр түвшний хяналтын систем гэдгээрээ онцлогтой.
Эдийн засгийн өгөөж ба орон нутгийн хамтын ажиллагаа
2025 оны нэгдүгээр сарын байдлаар TMK Energy нь хийн олборлолтын хэмжээний хувьд өмнөх сараас гурван дахин нэмэгдүүлсэн нь төслийн үр өгөөжийг бодитоор нотолсон хамгийн тод жишээ юм. Компанийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэн нь зөвхөн техникийн дэвшил биш, мөн тэдний олон улсын туршлага, Монголын нөхцөлд тохируулсан уян хатан менежмент, гүйцэтгэлийн үр ашигтай холбоотой.
TMK Energy нь Jens Energie LLC компанитай хамтран хийн цахилгаан станц барьж байгаа бөгөөд 2025 оны зургадугаар сараас өдөрт 5,000 м³ хий нийлүүлж эхэлнэ. Цаашид 15,000 м³ хүртэл тэлэх боломжтой.
Мөн “Монголын Алт” (MAK) компанитай хамтран ажиллаж, нүүрсний уурхайн цахилгаан хэрэгцээнд зориулан хий нийлүүлж байгаа нь CSG хийн эрт үеийн арилжаалалтыг амжилттай эхлүүлж буй хэрэг болжээ. Хийн үйлдвэрлэлийн явцад гарч буй усыг дахин ашиглан MAK-д нийлүүлдэг нь байгаль орчинд ээлтэй, ухаалаг шийдэл болж байна.
Стратегийн ач холбогдол ба Монгол Улсад үзүүлэх нөлөө
Монгол Улс байгалийн хийн хэрэгцээгээ одоогоор гадаадаас бүрэн хамааралтайгаар хангаж байна. Тиймээс TMK Energy-ийн Gurvantes XXXV төсөл нь дотоодын хийн нөөцөө ашиглаж, эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, агаарын бохирдлыг бууруулах, мөн цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилтод нийцсэн стратегийн чухал төсөл юм.
Түүнчлэн, тус компанийн стратегийн байршил нь ирээдүйн өсөлтийг баталгаажуулж өгдөг гол хүчин зүйлсийн нэг. “Gurvantes XXXV” орд нь Хятадын хилээс ердөө 20 км зайд байрладаг бөгөөд Хятадын хийн дэд бүтэцтэй ойрхон байгаа нь Монгол Улсаас Хятад руу байгалийн хий экспортлох онцгой боломжийг бүрдүүлж байна. Энэ нь зөвхөн TMK Energy-ийн хувьд ашигтай төдийгүй, Монголын эдийн засгийн хувьд ч стратегийн ач холбогдолтой юм.
Санхүүгийн хувьд TMK Energy нь 2025 онд 2.25 сая австрали долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг татаж, төслөө дараагийн шатанд амжилттай шилжүүлэх санхүүгийн чадамжаа бүрдүүлсэн. Хөрөнгө оруулагчдын өндөр итгэл, дэмжлэг нь төслийн хэрэгжилтийн эрчийг улам нэмэгдүүлж байна.
Монголын метан хийн салбарын манлайлагч
TMK Energy нь Монгол Улсад нүүрсний давхаргын метан хий олборлох анхны бодит арилжааны төсөл хэрэгжүүлж буй компани төдийгүй Монголын эрчим хүчний салбарын ирээдүйг тодорхойлох стратегийн тоглогч билээ. Ирэх жилүүдэд тус компани Монгол Улсад эрчим хүчний хараат бус байдал бий болгох, цэвэр технологид шилжих, эдийн засгийн үр өгөөж хүртэх, гадаадын зах зээлд гаргах боломжуудыг нээх гэсэн олон чиглэлд эерэг нөлөө үзүүлэх өндөр боломжтой.
Иймд TMK Energy-ийн цаашдын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын чиг хандлагыг анхааралтай ажиглах нь зөвхөн хөрөнгө оруулагчдад бус, Монголын эдийн засгийн ирээдүйг сонирхож буй хэн бүхэнд хамаатай асуудал болж байна.