Open iToim app
Спорт | 1 мин уншина

Оклахома Сити Тандер баг бүсийн финалын эхний хожлоо авлаа

Оклахома Сити Тандер баг бүсийн финалын эхний хожлоо авлаа
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 21
NBA-ийн 2025 оны өрнөд бүсийн финалын эхний тоглолт өнөөдөр болж, Оклахома Сити Тандер баг талбайдаа Миннесота Тимбервулвс багийг 114:88 оноогоор хожлоо. Ингэснээр Тандер баг цувралд 1-0 гэсэн давуутай тэргүүлж эхэллээ.  
Оклахома Сити Тандер энэхүү тоглолтыг эрч хүчтэй эхлүүлж, хоёрдугаар хагаст хамгаалалт, довтолгоогоо бүрэн дайчилсан. Тэд гуравдугаар үед онооны зөрүүг эрс нэмж хожлын суурийг тавьсан юм. Мөн багийн лидер Шэй Гилжис-Александр тус тоглолтод 31 оноо авч, 9 оновчтой дамжуулалт өгснөөр бүх тоглогчийг тэргүүлсэн.
Харин нөгөө талаас Жулиус Рэндл энэ тоглолтод 28 оноо авч багаа оноо авалтаар тэргүүлсэн бол Карл-Энтони Таунс, Энтони Эдвардс нарын тоглолт харьцангуй тааруу байсан нь хожигдлын нэг шалтгаан байв. Миннесота Тимбервулвс багийн хувьд тоглолтын эхний хагаст тун сайн тоглож онооны давууг хэсэг хугацаанд гартаа авч чадсан ч гурав, дөрөвдүгээр үед довтолгоо нь унаж, эсрэг багийн хамгаалалтыг нэвтэлж чадалгүй ялагдсан юм.
Бүсийн финалын хоёр дахь тоглолт мөн Оклахома Сити хотын “Paycom Center”-т явагдана. Тимбервулвс багт энэ тоглолтод алдаагаа засаж, цувралын харьцааг тэнцүүлэх боломж бий. Харин Тандер багийн хувьд гэртээ хоёр хожил авах нь нэн чухал юм.
Б.Өсөхбаяр нь 2025 оноос iToim.mn сайтад ажиллаж байна. Тэрээр МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн IV түвшинд суралцдаг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн