Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөж, хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин, Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар мэдээлэл хийлээ.Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин: Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгох цаашлаад дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж Засгийн газрын тогтоол гаргалаа. Энэ тогтоолоор зургаан жилийн хугацаатай зургаан хувийн хүүтэй зээл олгохоор боллоо. 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээж авах зорилт тавьж байгаа. Ингэснээр ДНБ-ны 10 орчим хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлнэ. Ингэхийн тулд энэ салбарт хөрөнгө оруулах ёстой. Ойролцоогоор 11 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Төрийн зүгээс дэд бүтэц, нислэгийн тоог нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг төрөөс хийх ёстой гэж үзэж хөнгөлөлтэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Хувийн хэвшилд 4 их наяд төгрөгийн зээл олгох бөгөөд тогтвортой 5-6 жил олгож байж үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа. Энэ зээлийг арилжааны банкуудаар дамжуулж олгоно. 50 орчим хувь нь дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх аж ахуйн нэгжүүдэд олгоно.Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн: Өнөөдөр Туулын хурдны зам, нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил, шаардлагатай хуулийн танилцуулгыг хийлээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг ирэх 7 хоногийн Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар боллоо.Бид төлөвлөлтөө маш сайн хийх ёстой гэж үзсэн. Төлөвлөлтүүдээ маш сайн хийвэл дараа дараагийн хөрөнгө оруулалтаа хийх боломжтой болно. туулын хурдны зам, Тойрог зам ашиглалтад орвол түгжрэл 50 хүртэлх хувиар буурах тооцоо гарсан.