Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

С.Гэндэнжамц: Үнэлгээний шалгалтыг цахимаар явуулж байна

С.Гэндэнжамц: Үнэлгээний шалгалтыг цахимаар явуулж байна
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 21
Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх үнэлгээ хэрхэн явагдсан болон цаашдаа юун дээр анхаарч сайжруулах шаардлагатай талаар Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга С.Гэндэнжамцаас тодрууллаа. 
-Энэ жилийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?
-Энэ жилийн багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх үнэлгээнд төрийн болон орон нутгийн өмчийн 700 сургуулийн 30 мянга орчим багш хамрагдаж байна. Үүнд 850 мянга орчим сурагч шалгалт, сорил, даалгавруудыг гүйцэтгэж байна. Энэхүү үнэлгээ нь дөрөв дэх жилдээ явагдаж байна.
-Үнэлгээний хувьд цаашид юун дээр анхаарах шаардлагатай байгаа вэ?
-Жил ирэх тусам л үнэлгээний процессыг сайжруулах тал дээр ажиллаж байгаа. Энэ жил 30 мянган багш, 850 мянган сурагчаас 150 гаруй шалгалтыг хоёр долоо хоногт авна. Тиймээс энэ жил цахим технологийг нэвтрүүлж хэвлэх цаас, тээврийн зардал, хүн хүчний нөөц гэх мэт нүсэр ажлуудыг хөнгөрүүлж шийдэхийн тулд цахим руу шилжүүлсэн. Тодруулбал, 6-9 ангийн хүүхэд цахимаар шалгалт өгч байгаа. 1-5 ангийн хүүхдүүд цаасан материалаар шалгалтаа өгнө. Шалгалт гэдэг бол багш нарын үнэлгээний зөвхөн нэг үзүүлэлт юм. Бусад нь багш нар хичээлээ хэрхэн заадаг, хамт олонтойгоо хэр зэрэг хамтарч ажилдаг, өөрийгөө хэр их хөгжүүлсэн зэрэг үр дүнгүүдээр нь үнэлдэг. Нийт 100 оноо гэж үзвэл 45 оноог шалгалтаас авч үлдсэн 55 оноог бусад үзүүлэлтээрээ цуглуулдаг гэсэн үг.
-Цаашдаа нүсэр ажлуудыг хөнгөвчлөхийн тулд цахим технологи руу бүрэн шилжүүлнэ гэсэн үг үү?
-Олон улсын шалгалтууд ихэнхдээ цахим технологийг ашиглаж байна. Жишээ нь PISA олон улсын сурагчийн сурлагын амжилтыг үнэлдэг үнэлгээнд дэлхийн олон улсууд цахимаар хамрагдаж байна. Олон улсын болон бусад улс орнууд үнэлгээгээ цахимаар зохион байгуулах байдал сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа. Манай улсын хувьд PISA олон улсын сурагчийн сурлагын амжилтын үнэлгээнд 2 дахь удаагаа цахим суурьтайгаар хамрагдаж байна. Энэ жил багшийн гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын өмнө энэ шалгалт хийгдсэн юм. Тиймээс сургуулиудын цахим тоног төхөөрөмж, сүлжээний асуудлын бэлэн байдал сайн хангагдсан. Энэ удаагийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг бид цахим технологийг ашиглан явуулахаар шийдсэн. Энэхүү шийдэл нь хүн хүч, цаг хугацаа эдийн засгийн үр ашиг өндөр байгаагаараа давуу талтай юм.
-Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалт хэрхэн явагдсан бэ. 10-11 ангийн сурагчид шалгалтад оролцсон шүү дээ?
-Өмнө нь Монгол хэл бичгийн шалгалтыг 40 мянга орчим шалгуулагч өгдөг байсан. Харин энэ жил ихээхэн онцлогтой байлаа. Энэ нь Боловсролын сайд элсэлтийн шалгалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулж, Монгол хэл бичгийн шалгалтыг 10-11 ангийн хүүхдүүд өгөх боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, заавал 12-р ангиа төгсөхдөө шалгалт өгч босго оноогоо давахгүй бол их сургуульд элсэж чадахгүй асуудал байсан. Энэхүү асуудлыг шийдэж хүүхдүүд стандарт оноогоо 10-р ангидаа хангаж чадвал цаашдаа 12-р ангидаа шалгалт өгөх шаардлагагүй гэх концепцтэй. Энэ жил 85 мянга орчим шалгуулагч шалгалтад бүртгүүлээд үнэлүүлсэн байгаа. Тэгэхээр 12-р ангиа төгсөж буй 40 орчим мянга, 11-р ангийн 32 мянга орчим, 10-р ангийн 13 мянган шалгуулагч энэхүү шалгалтыг өгсөн. Энэ жилийн хувьд 80 гаруй мянган шалгуулагч шалгуулж байгаатай холбоотой зохион байгуулалтын тал дээр ачаалал нэлээдгүй үүссэн. Ямар нэгэн асуудал гарвал тухай бүрд нь зохицуулаад орон нутгийн шалгалтын байруудыг нэмж, хянах багшийн нөөцийг нэмэгдүүлэн ажилласан.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн