Open iToim app
Нийтлэл | 2 мин уншина

Эрх баригчид дотоод толхилцоондоо хувийн хэвшлээ татан оролцуулж, эдийн засгаа унагаадаг

Эрх баригчид дотоод толхилцоондоо хувийн хэвшлээ татан оролцуулж, эдийн засгаа унагаадаг
Нийтэлсэн 2 минутын өмнө
Хэдхэн хоногийн өмнө Монголын татварын алба шилдэг 10 татвар төлөгчийг шалгаруулж, олон нийтэд алдаршуулав. Шилдэг 10 татвар төлөгчийн гурав нь төрийнх, долоо нь хувийн хэвшлийнх. Тэдний нийт төлсөн татварын хэмжээ 10 их наяд орчим төгрөг буюу улсын төсвийн орлогын 50 хувьтай тэнцэж буй. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын 10 төгрөг тутмын тав нь том татвар төлөгчдийн мөнгө гэсэн үг. Тэд татвараа төлөхгүй нэг л улирал зогсвол төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр тасалдана. Эндээс Монгол Улсыг нам бус шилдэг татвар төлөгчид үүрдгийг харж болно. Өдөр бүр шахуу шүтэх ёстой татвар төлөгчдөдөө ганцхан өдөр “шилдэг” гэсэн пайз үзүүлж алдаршуулчхаад үлдсэн 364 өдөр шимэгчилдэг нь харамсалтай. Тодруулбал, өчигдөр л “шилдэг татвар төлөгч” гэж алдаршуулсан хувийн хэвшлийн компаниудаа өнөөдөр улсын дайсан болгож, үзэн ядуулах, муухай харагдуулах гол ажлыг эрх баригчид, улстөрчид хийж эхэллээ.
Өнөөдөр Монголын улстөрд юу өрнөж байгааг гадна, дотногүй ажиглаж суугаа. Гэм нь улстөржих болгондоо хувийн хэвшлээ татан оролцуулж, эдийн засгаа унагаадаг жишиг тогтлоо. Хамгийн хортой нь энэ. Улс төрийн бүлэглэл, эрх баригчдын толхилцоон намжиж, дараагийн ээлжийнхэн хоолондоо орох нь тодорхой. Харин бохир улстөрдөө хувийн хэвшлээ, гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулсан хор уршгийг нь ард нийтээрээ үүрнэ.
Өнөөдрийн улс төрийн бужигнааны гол буруутныг Оюу толгой, Энержи ресурс тэргүүтэй шилдэг татвар төлөгч компаниуд гэж цоллоод эхэлсэн. Олон жил улстөрд яваа попуудаас эхлээд мэдлэг боловсрол, төгссөн сургуулиараа ялгардаг шинэхэн гишүүд ч хэтийн улс төрийн замаа бодон хэн нэгэнд сайн хүн болж харагдахын тулд шилдэг татвар төлөгчдөө гүтгэв. Жишээ нь, Харвард төгссөнөөрөө бахархдаг О.Батнайрамдал гишүүн хүртэл попын дүрд хувирч, Оюу толгойн хөрөнгө оруулагчдыг лицензийн асуудлаар гүтгэв. Нөгөө талд нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй хүмүүс “Mongolian mining corporation”-ий бизнесийн журмаар олон улсын зах зээлээс ямар ч барьцаагүйгээр босгосон 350 сая ам.долларын бонд буюу зээлийн санхүүжилтийг “улсын баялгийг барьцаалсан, улсаа худалдсан” болгон төөрөгдүүлж бас гүтгэв. Гэтэл үүнийг нь Монголбанк улсын валютын нөөц нэмэгдүүлсэн гэж бүртгэж авсныг юу гэж ойлгох вэ.
Ер нь татвар төлөгчийн мөнгөөр л хамаг ажлаа хийдэг төр татвар төлөгчид рүүгээ дайрах нь яавч Ардчилсан улсын жишиг биш.
Үеийн үед Монгол Улсыг попууд бус топууд үүрч ирснийг санаж, их улстөрдөө хувийн хэвшлээ татан оролцуулж, улсаа хорлодог улс төрийг зогсоох нь нийгмийн үүрэг юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн