Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Трамп: Орос, Украин хоёр гал зогсоох асуудлаар шууд яриа хэлэлцээ эхлүүлнэ

Трамп: Орос, Украин хоёр гал зогсоох асуудлаар шууд яриа хэлэлцээ эхлүүлнэ
Нийтэлсэн 14 минутын өмнө
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярьсны дараа Орос болон Украин гал зогсоох хэлэлцээрийг яаралтай эхлүүлэхээр тохиролцсон хэмээн мэдэгдэв.
Гэвч Кремль хэлэлцээрт хүрэхэд тодорхой хугацаа шаардагдана гэж мэдэгдэж, Трамп Европын холбооныхонтой нэгдэх замаар Москвад дарамт үзүүлэх шинэ хориг арга хэмжээ авахад бэлэн бус байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн Дональд Трамп Орос Украинд нэн даруй гал зогсоох шаардлагаасаа ухарч, үүний оронд Москвагийн хамтран ажиллах боломжит эдийн засгийн хамтын ажиллагаанд төвлөрч байгаагаа илэрхийллээ. 
Путинтэй хоёр цаг орчим утсаар ярьсны дараа Трамп Оросын удирдагч Украинтай гал зогсоох болон дайныг зогсоох өргөн хүрээний энхийн хэлэлцээрийн хүрээнд “нэн даруй” шууд яриа хэлэлцээ эхлүүлэхээр зөвшөөрсөн гэж мэдэгдсэн юм. Тэрээр хэлэлцээний нөхцөлүүдийг дайтаж буй хоёр улс хоорондоо тохиролцоно гэж тодруулсан бөгөөд “учир нь хэлэлцээний нарийн ширийн зүйлийг өөр хэн ч мэдэхгүй” гэжээ.
Мөн Трамп өөрийн зуучлалын үүргээ Ромын папд шилжүүлэхэд дуртай байгаагаа илэрхийлсэн шинжтэй байлаа. Тэрээр мэдэгдэлдээ Ватикан энэхүү хэлэлцээг зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн хэмээн дурдсан бөгөөд “Энэ үйл явц эхэлж л байг!” хэмээн уриалжээ.
Трамптай ярьсны дараа Ерөнхийлөгч Путин дайн дуусгах оролдлого “ерөнхийдөө зөв чиглэлд явж байгаа” хэмээн хэлж, Москва Украинтай энхийн гэрээний талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Европын удирдагчид болон Украин ОХУ-г нэн даруй гал зогсоохыг шаардаж байгаа бол Трамп Путиныг 30 хоногийн түр эвлэрэлд хүргэхийг хичээж буй. Харин Путин үүнд шууд зөвшөөрөөгүй бөгөөд тодорхой нөхцөл тавьсан байна. Кремлийн зөвлөх Юрий Ушаков хэлэхдээ Трамп, Путин хоёр гал зогсоох хугацааны талаар тодорхой хугацаа тохироогүй ч есөн орос иргэнийг есөн америк иргэнтэй солилцох тухай ярилцсан гэжээ.
Трамп ОХУ болон Украин шууд хэлэлцээ хийх хэрэгтэй гэж онцлон дурдсан нь ерөнхийлөгч Путины гал зогсоохыг шууд хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байр суурийг дэмжсэнтэй дүйцэхүйц үйлдэл байв. Харин Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Украин хэзээ ч Оросын тулган шаардах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн