Open iToim app
Спорт | 2 мин уншина

Б.Бат-Өлзий заан энэ жилийн наадмаар арслан цолтой зодоглох уу

Б.Бат-Өлзий заан энэ жилийн наадмаар арслан цолтой зодоглох уу
Нийтэлсэн 20 минутын өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар боловсруулж Засгийн газарт хүргүүлсэн байна. Дараа нь УИХ-д өргөн барих аж. Энэ хуулийн төсөлд Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадамд зориулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөд цол чимгийг нь нөхөж олгох асуудлыг тусгажээ. Тодруулбал, 2021 оны долоодугаар сард тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж улсын наадам болоогүй. Сүүлд нь буюу нэг сарын дараа Хүй долоон худагт Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмыг үзэгчгүйгээр нөхөн тэмдэглэж 512 бөх барилдсан ч тухайн үед цол чимгийг нь олголгүй, бөхчүүдэд батламж хадгалуулаад өнгөрсөн. Тухайн жил 21 аймгийн наадмын бөхийн барилдаан, морины уралдааныг нөхөн тэмдэглэсэн бөгөөд уяач, харваач, бөхчүүд бүгд цол чимгээ хүртсэн.
Монгол төрийн наадам тасарч байсан удаа ховорхон. Тухайн жилийн нэгийн даваанд аймгийн начин цолтой бөхчүүд хооронд нугарч барилдаж байсан. Энэ нь тус барилдааны хэр чансаатайг илтгэнэ. Хэрэв УИХ-аар энэхүү хуулийн төсөл дэмжигдвэл цол тэмдэг олгох тухай асуудал яригдах юм байна. Энэхүү асуудал тус наадмаас хойш маргаан дагуулсаар байгаа билээ. Хуулийн төсөл дэмжигдсэнээр хэн ямар цол нөхөж авахыг онцлон хүргэе. Энэ барилдаанд ес давж түрүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий улсын арслан цол, найм давж үзүүрлэсэн Төв аймгийн Баянчандмань сумын харьяат улсын харцага Э.Ууганбаяр улсын гарьд цол хүртэх нь. Бөхийн барилдааны их шөвөгт шалгарсан Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат улсын начин Т.Довчинсэмбээ нар улсын заан цол хүртэнэ.
Түүнчлэн, улсын начин Э.Энх-Амгалан, аймгийн арслан Ц.Адьяа нар улсын харцага цолны тэмдэг зүүх юм.
Мөн улсын начин Ш.Дарханбат, улсын начин  Б.Чимэдвандан, улсын начин Д.Төрболд, улсын начин Э.Нямаа, улсын начин Э.Мөнхжаргал нар улсын өсөх-идэр цол чимэг хүртэх  учиртай. Үүнээс гадна улсын харцага Б.Зоригтбаатар ч тав давсан чимгээ нөхөж авах юм.
Харин тухайн барилдаанд допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын цол чимгийг олгох боломжгүй ажээ. Бөхийн барилдааны тавын даваанд дээрх бөхчүүдэд өвдөг шороодсон улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Д.Анар, улсын харцага Д.Бат-Эрдэнэ нарын бөхчүүдэд нөхөж чимэг олгох аж.
Мөн  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр тухайн наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд батламж гардуулна.  Допингийн шинжилгээний хариу гарснаас хойш гурав хоногийн дотор батламжид үндэслэж улсын цолны үнэмлэх тэмдгийг гардуулдаг болох заалт оруулжээ.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн