Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн орлогоосоо давсан тансаглалын асуудал газар авч, залуучууд "Огцрох амархан" жагсаалыг Төв талбайд зохион байгуулаад долоо дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр УИХ дахь намын бүлгүүд болон ХҮН намын зөвлөл үүсээд байгаа нөхцөл байдал болон, Засгийн газрын асуудлыг хэлэлцсэнээс гадна Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр олон цаг уулзсан ч хэвлэлд ямар ч мэдээлэл гаргасангүй. Харин маргааш МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлыг хуралдуулахаар товлосон.
Ерөнхийлөгчийн өрөөнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр олон цаг уулзалт хийж байхад Ерөнхий сайдын өрөөнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, хотын дарга Х.Нямбаатар нар мөн уулзсан. Уулзалт болж байхад Ерөнхийлөгчийн талаас "ажлаа өг гэжээ" гэдэг мэдээллийг тараасан бол Ерөнхий сайдын талаас "хамтарсан Засгийн газартайгаа л ажиллана. Үгүй бол ажлаа өгнө" гэсэн мэдээллийг тараасан юм. Үүнээс харахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар олон цаг уулзалт хийгээд ч хэн хэндээ бууж өгөөгүй, нэгдсэн байр суурьд хүрээгүй гэсэн үг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс парламентыг оролцуулахгүй Ерөнхий сайдад шахалт үзүүлж ажлыг нь өгүүлэх хүсэлтэй байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тийм ч амархан буугаад өгчихгүй, Удирдах зөвлөл, Бага хурлаа товлолоо.
Парламентын гишүүд ч Ерөнхий сайдын энэ асуудалд хэрхэн хандахаа мэдэхгүй, "ажиглаж" байна. Ерөнхий сайдыг огцруулахыг шаардсан иргэдийн цуглуулж байгаа гарын үсэгт нэгдэж хэд хэдэн парламентын гишүүн гарын үсэг зурав. Гэхдээ иргэдийн цуглуулж байгаа гарын үсэг хууль эрх зүйн хувьд хэлэлцэх, УИХ-д оруулах ямар ч боломжгүй. Үүнийг гарын үсэг зурсан парламентын гишүүд маш сайн мэдэж байгаа. Үүнээс харахад УИХ-ын гишүүд наанаа Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж байна гэж хэлж байгаа ч цаанаа үйлдэл хийхгүй, хууль ёсны хэлэлцэх боломжтой бланк дээр гарын үсэг зурахгүй байгаа юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах саналыг хоёрдугаар сарын 7-нд гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Гэтэл үүнээс хойш УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нар л гарын үсэг зураад байгаа бөгөөд Ерөнхий сайдын хүүгийн асуудал дэгдэж, иргэдийн жагсаал эхлээд ч энэ тоо нэмэгдэхгүй байгаа. Үндсэн хуульд зааснаар Засгийн газрыг огцруулах хоёр л үндэслэл бий.
/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./
1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.
2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно гэж заасан. Тиймээс УИХ-ын гишүүд нэгдэж, гарын зурах, эсхүл Ерөнхий сайд өөрөө хүсэлт өгөх хоёр л зохицуулалт хуульд бий. Харин УИХ-ын гишүүд гарын үсэг зурж, Ерөнхий сайдыг огцруулахгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд цугласан гарын үсэг болон гишүүдийн байр сууринаас харж болно. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлэхдээ "Гишүүд юу гэж хэлэхээ мэдэхгүй, намын даргыгаа хамгаалахаар буруутдаг юм болов уу гээд элгийн юм болж байна. Ордонд хошин шог цаашаа юм болж байна. Хачин тайлбар тавиад эхнээсээ бүгд онигоонд орлоо. Энэ бол Засгийн газрын асуудал болохоос парламентын асуудал биш шүү. Заавал энэ олон гишнийг ийм байдалд оруултал нь явах шаардлагатай юм уу. Энэ хамтын зовлон юм уу. Яагаад хамтын хариуцлага хүлээх юм руу оруулах гээд байна вэ" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.