Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн орлогоосоо давсан тансаглалын асуудал газар авч, залуусын "Огцрох амархан" жагсаал Төв талбайд зохион байгуулаад долоо дахь өдрөө үргэлжилж байна. Энэ асуудалтай холбоотойгоор маргааш МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлыг хуралдуулахаар товлосон. Тэгвэл энэхүү асуудалд Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар байр сууриа илэрхийллээ.
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар: МАН-ын Бага хурал жилд нэгээс дээшгүй хуралдах ёстой. Энэ удаа VI хурлаа хуралдуулахаар зарлаж байгаа юм байна. Хэлэлцэх асуудлын хувьд тодорхой байлгүй дээ. Нийгэмд үүсээд байгаа гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй, Хамтарсан Засгийн газартай холбоотой асуудлыг ярих ёстой. МАН бол өнгөрсөн олон арван жилийн түүхэндээ Монгол Улсын янз бүрийн цаг үед асуудлаа дотооддоо ярилцаж шийдэж зөв шийдвэрийг гаргаж явсан. Ер нь олуулаа хэлэлцэж байж асуудлаа шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна.
Бага хурал гэдэг төлөөллийн төв байгууллага, Их хурлаасаа байгуулагддаг. Манайх 400 гаруй Их хурлын гишүүдтэй. Бага хурлын хүрээнд сонгуульд нэр дэвшүүлэх, мөрийн хөтөлбөр батлах, эвсэх, эвсэхгүй байх, намын даргын мэдээллийг жил бүр сонсож холбогдох зөвлөл чиглэлийг өгдөг. Намын Их хурлаас дарга, Бага хурал, хяналтын байгууллага сонгогдож байгаа. Бага хурал Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа салбар нэгжээрээ дамжуулж нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг хэлэлцэх эрх зүйн орчинтой. Намын дарга Их хурлаас сонгогддог учраас хариуцлага тооцох эрх бол Бага хуралд байхгүй. Харин Хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрийг гаргаж болно. Энэ нь Бага хурлын эрх, үүрэгт байгаа.
Нийгэмд болж бүтэж байгаа, болохгүй, бүтэхгүй байгаа зүйл юу байна. Агаарын бохирдол, түгжрэл, татвар, ААН-ийн үйл ажиллагааны саармагжилт гээд болж бүтэхгүй олон зүйл бий. Гэтэл хэт тансаглал нийгэмд гарч ирж байгаа нь нийгмийг бухимдуулж байна. Нөгөө талаараа аливаа асуудлыг углуургаар нь бодож үзэх ёстой. Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөгжлийн чөдөр, тушаа болоод байсан асуудлуудаа юу гэж харсан. Энэ чөдөр тушаагаа арилгахын тулд ямар арга хэмжээ авах ёстой юм. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд “Баялагтаа эзэн Монгол” уриаг дэвшүүлж ороод ялалт байгуулж байсан. Үүнээс шалтгаалан бид Баялгийн сангийн хууль баталсан. Цаашлаад улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг тогтоосон стратегийн ордуудынхаа 34-51 хувийг Баялгийн сандаа төвлөрүүлдэг байх хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд явж байна. Үүний цаана мэдээж олон бизнес эрхлэгч, хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Энэ хөндөгдөж байгаа асуудлын эсрэгцэл болж иймэрхүү зүйлүүд орж ирэх нь аль ч нийгэмд байдаг. Тэр агуулгаараа энэ асуудал хөндөгдөөд явж байгаа юм болов уу гэж хувь хүнийхээ байр сууринаас харж байна. Цаашлаад Монгол Улсад 10, 20 жилийн дараа ямар нийгмийн тогтолцоо байх ёстой. Бидний үр хүүхэд ямар нийгэмд амьдрах, бид үр хүүхдэдээ ямар нийгмийг үлдээх ёстой гэдэг асуудал үүнд хөндөгдөнө. Ажил, албан тушаал, эрх мэдэл мөнх биш. Тэрбайтугай хүн өөрөө мөнх биш. Бүх юм хугацаатай.
Дэлхийн тэргүүлэх хоёр хөршийн дунд оршиж байгаа улсын хувьд Монголчууд эв нэгдэлтэй, Монгол хүн эх орондоо хайртай, бие биеэ хүндэлдэг байж эх орон хөгжинө. Хоорондоо үзэж тарж үсэрч наалдаад бие биеийгээ үгүйсгээд байдаг зан суртахуунаас салахгүй бол улс орны хөгжил цаашаа уруудахаар л хүлээж байгаа.
Шүүхээр эцэслэн гэм буруутай нь тогтоогдоогүй ямар ч иргэнийг гэм буруутайд тооцдоггүй ардчилсан нийгмийн тогтолцоо байна. Орлого нотлох нь хуулийн асуудал. Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт нэмэлт өөрчлөлт орсон бол мэдүүлдэг хуулийн хугацаатай, үүрэгтэй. Үүнийгээ мэдүүлээгүй бол хуулийн хугацаанд хариуцлага хүлээдэг санкцтай. Цаашлаад авлигын асуудал яригдвал Эрүүгийн хууль руугаа ордог. Гэтэл өнөөдөр аль нэг шатны хууль хяналтын байгууллагад процесс өрнөөд шийдвэр гарсан зүйл байхгүй. Ёс зүйн зөрчил, доголдлоо Эрүүгийн, Зөрчлийн, Иргэний захиргааны хуулийн зөрчлөөсөө яаж ялгаж ойлгодог байх вэ гэдэг асуудал. Үүнд ёс зүйн гэхээс илүү улс төрийн хариуцлага яригдах магадлал өндөр. Аль ч шатанд хамтын шийдвэр гаргадаг ёстой. Энэ бол парламентын засаглалын суурь. Ямар ч асуудал байсан хамгийн эхний эх үүсвэр бол өөрийнх нь тодорхойлолт мэдүүлэг байх ёстой байдаг. Тэгэхээр энэ хүний албан ёсны байр суурь нь юу байх вэ гэдгээ товч, тодорхой маргаашийн Бага хурлаар мэдээлэх байх гэж харж байгаа. Хууль, хяналтын байгууллага гэм буруутайг нь эцэслэн тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн зарчим хэнд ч гэсэн үйлчлэх ёстой. Үндэстний эрх ашгийг ямар ч түвшинд нэгдүгээрт тавих нь зүйтэй. Хэрэв үндэсний эрх ашигт харшилж байгаа зүйл байвал ямар ч эрх мэдэлтэй албан тушаалтан байсан эрх мэдлээсээ буух ёстой. Харин нийцэж байгаа тохиолдолд ямар ч албан тушаалтан байсан түүнийхээ төлөө зүтгэх ёстой.