Open iToim app
Зочин | 5 мин уншина

Л.Батмөнх: Үр хойчдоо үлдээж чадах хамгийн том бэлэг бол амьсгалах агаар, амьдрах эрүүл орчин, үзэсгэлэнт цэнхэр гариг юм шүү

Л.Батмөнх: Үр хойчдоо үлдээж чадах хамгийн том бэлэг бол амьсгалах агаар, амьдрах эрүүл орчин, үзэсгэлэнт цэнхэр гариг юм шүү
Нийтэлсэн 1 цагийн өмнө
Дэлхий дахинаа “Ногоон Нобель” хэмээн үнэлэгддэг Голдманы нэрэмжит шагналыг  2025 онд Ази тивээс монгол хүн хүртсэн билээ.
Тодруулбал, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын иргэн, 82 настай Лувсандашийн Батмөнх энэхүү шагналыг хүртсэн гурав дахь монгол хүн болсон юм. Голдманы шагналыг жил бүр тив бүрээс нэг хүнд гардуулдаг уламжлалтай. Л.Батмөнх тэтгэвэртээ гарснаас хойш газар нутгаа хамгаалах үйлсийг манлайлж, уугуул сумандаа 500 мянга га талбай газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг хийсэн. Түүний байгаль орчинд оруулсан хувь нэмэр болоод ажил амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе.
undefined
-Юун түрүүнд Монгол Улсаас Голдманы нэрэмжит шагналыг хүртсэн танд баяр хүргэе. Анх байгаль хамгаалах ажлыг эхлүүлж байхдаа ийм том хэмжээний шагнал хүртэнэ гэж төсөөлж байсан уу?
-Баярлалаа. Газар нутгийнхаа онгон байдлыг хамгаалахын төлөө багагүй чармайж явсан. Миний байгалиа хамгаалж яваа зүтгэлийг үнэлж АНУ-ын Сан-Франциско хотод төвтэй Голдман сангийн индэр дээрээс энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн. Ийм том шагнал хүртэнэ гэж төсөөлж ч байсангүй. Дэ Нэйче Консерванси байгууллагын хүмүүс намайг энэхүү хүндтэй шагналд тодорхойлсон. Гэнэтхэн л Голдманы нэрэмжит шагнал хүртэх болсныг хэлсэн. Тухайн үед үгээр хэлэхийн аргагүй баярласан.
-Та ямар мэргэжилтэй хүн бэ. Яагаад анх байгаль хамгаалах үйлсэд хүчин зүтгэх болсон бэ?
-Цахилгаанжуулалтын инженер мэргэжилтэй. БНАСАУ, Лаос, Армени зэрэг оронд мэргэжлээрээ ажиллаж байлаа. Мөн уул уурхайд 15 жил ажилласан. Ингэхдээ уул уурхайн жаргал, зовлон хоёрыг чин сэтгэлээрээ мэдэрсэн. Уул уурхайн салбар байгаль орчныг ямар болгодгийг мэддэг учраас асар олон хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байгаатай, хууль бус үйл ажиллагаатай тодорхой хэмжээгээр тэмцэж ажиллах, орон нутгийн газар нутгаа хамгаалахаар л сэтгэл шулуудсан. Түүнийхээ төлөө л санааширч зүтгэж явсан л хүн дээ. Орон нутгийнхаа төлөө 2010 оноос байгаль хамгаалах ажлаа эхлүүлсэн. Уул уурхайн хууль бус үйл ажиллагаатай 2013 оноос тэмцсэн. Мөн газар нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах талаар зорилт тавьж хөөцөлдсөн.
-Нутгийнхаа хаанаас  хаа хүртэлх талбайг тусгай хамгаалалтад оруулсан бэ?
-Манай сум 836 мянган метр квадрат газар нутагтай. Тусгай хамгаалалтад авах шаардлагатай байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газар олон бий. Мөн “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль бий. Манай говь нутагт усны болон ойн сан бүхий газар байдаг. Усны сан бүхий газарт булаг, шанд, борооны усны тойром зэрэг нь хамаардаг. Ойн сан бүхий газарт говьд ургадаг заг, сухай хоёр ордог. Хөвсгөл сумын хойд талаар заг нэлээд ургадаг. Түүнчлэн, борооны уснаас тогтдог нуур, тойром асар олон бий. Эдгээрийг тусгай хамгаалалтад авахын төлөө л зүтгэсэн. Үүнийхээ үр дүнд 24 байршилд 500-гаад мянган метр квадрат газрыг төрийн тусгай хамгаалалтад авхуулсан. Төрийн тусгай хамгаалалт нь дотроо орон нутгийн, улсын тусгай хамгаалалт гэсэн ангилалтай. Энэ дундаас хамгийн их нь Хөвсгөл сумын нутаг дэвсгэр дэх Гүн гашууны хоолой нэртэй 142 мянга 318 метр квадрат газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан. Бусад нь 50-70 мянган метр квадрат газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч байсан. Хууль, дүрэмд заасан хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай газруудыг оруулсан. Одоо ч нэмж тусгай хамгаалалтад авахаар газрын зураг төслийг нь хийж оруулах гэж явж байна.
-Энэ их газар нутгийг тусгай хамгаалалтад оруулахын тулд ямар саад бэрхшээлүүдтэй тулгарч байв?
-Тусгай хамгаалалтад авуулахын тулд хууль, дүрэмд заасан болзол, нөхцөлийг сайн биелүүлэх ёстой байдаг. Нөхцөл байдлыг маш сайн тооцож үзэж боловсруулахгүй бол ямар нэгэн шалтгаанаар олон буцна. Улсын тусгай хамгаалалтад газрыг оруулахын тулд олон дамжлагатай явж байж УИХ-ын тогтоол гаргуулдаг. Зарим орон нутгийн тусгай хамгаалалтад авах ёстой газарт хайгуулын тусгай зөвшөөрөл давхцуулж өгсөн байдаг. Тухайн тусгай зөвшөөрлийг цуцлуулахын тулд сум орон нутгийнхнаас эхлээд аймгийн Засаг дарга, сайд, УИХ-ын гишүүд гээд явах газар, уулзахгүй хүн гэж үгүй. Олон газраар явж байж эцсийн үр дүнд хүрдэг. Үүнийхээ хүчинд ч нутгийнхаа соёлын болон байгалийн үзэсгэлэнт ихэнх газрыг төрийн хамгаалалтад оруулж чадсан.
undefined
-Тусгай хамгаалалтад олон газрыг оруулснаар юу өөрчлөгдсөн бэ?
-Хамгийн гол нь газрыг төрийн тусгай хамгаалалтад авахаар хэн хамаагүй ирээд уул уурхайн олборлолт, хайгуул хийхгүй. Хариуцлагатай уул уурхай гэж хууль дүрмийнхээ дагуу газрын доорх эрдэс баялгаа ашиглан улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хэлнэ гэж ойлгодог. Гэвч бодит байдал дээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг олон газарт өгдөг. Үүнээс болж хүмүүс хэдэн төгрөг олохын төлөө хууль зөрчдөг. Манай суманд хайгуулын тусгай зөвшөөрөл авсан компани 13 жил болохдоо ганцхан удаа өрөмдлөг хийснээс өөр юу ч хийгээгүй гээд боддоо. Тодорхой хэлбэл, 2021 оны наймдугаар сарын 17-25-ны хооронд наймхан хоног нэг толгой дээр 16 цэгт өрөмдлөг хийсэн байдаг. Ийм дутагдалтай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл өгчхөөд одоо ашиглалт болгоно гээд тэмцээд байж байна шүү дээ. Энэ бол гажуудал. Иймд хариуцлагагүй уул уурхайтай тэмцэхийг хүсдэг.
-Байгаль орчноо хамгаалах үйлсийг тань гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Ер нь хүний хань ижил, үр хүүхдүүд гэдэг хамгийн том ар тал байдаг юм байна. Намайг байгаль орчноо хамгаалж, хууль бус үйл ажиллагаатай тууштай тэмцэхэд манай гэр бүлийнхний дэмжлэг асар их, тэд л урам зориг өгдөг. Мөн манай нутгийн уугуул, суугуул зон олон хамгийн их идэвх санаачилга гаргаж зүтгэж байгаа. Говийнхон орон нутгийнхаа газар, усыг хамгаалахын төлөө их хичээдэг. Говьд цөлжилт ихсэж байгаагаас шалтгаалж ургамлын ургалт муудсан. Уул уурхайн олборлолттой холбоотой зам тээврийн шороо тоос их босохоор ургамлын ургац ч муутай байна. Тиймээс малчид бэлчээрээ хамгаалахын тулд маш их зүтгэдэг.
-Манай уншигчдад хандаж эх дэлхийгээ хамгаалах ач холбогдлын талаар юу хэлэх вэ?
-Намайг дэмжсэн гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэсэн Дэ Нэйче Консерванси байгууллага, нутгийн уугуул, суугуул зон олондоо хандаж хэлэхэд үр хойч минь бидэнд талархана гэдэгт бүү эргэлзээрэй. Тэдэндээ үлдээж чадах хамгийн том бэлэг бол амьсгалах агаар, амьдрах эрүүл орчин, бидэнд яг л энэ байгаагаараа ирсэн үзэсгэлэнт цэнхэр гариг юм шүү. Энэ үгийг шагнал авахдаа ч хэлсэн одоо ч хэлмээр байна. Энэ үг хүмүүсийн сэтгэлд хоногшиж үлдэх байх.
-Ярилцсанд баярлалаа.
undefined
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн