Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Их Британи Европын холбоотой харилцаагаа шинэ түвшинд хүргэхээр тохиролцлоо

Их Британи Европын холбоотой харилцаагаа шинэ түвшинд хүргэхээр тохиролцлоо
Нийтэлсэн 1 минутын өмнө
Брекситээс хойш таван жилийн дараа Их Британи Европын Холбоотой батлан хамгаалах, аюулгүй байдал, загас агнуур болон залуучуудын хөдөлгөөнт байдлын чиглэлээр түр тохиролцоонд хүрсэн тухай ЕХ-ны албаныхан мэдээллээ. Ингэснээр Их Британийн компаниудад ЕХ-ны томоохон батлан хамгаалах гэрээнүүдэд оролцох боломжийг нээж өгч байна.
Брюссель дэх ЕХ-ны гишүүн орнуудын төлөөлөгчид ЕХ ба Их Британийн хоорондын “Хамтарсан ойлголцлын баримт бичиг”-ийг хүлээн авсан бөгөөд 27 гишүүн орны бүх Засгийн газар уг баримт бичгийг батлах шатандаа явж байгаа гэж албаныхан мэдээлэв.
Одоогоор энэ тохиролцооны талаар бид юу мэдэж байна вэ?
“Хамтарсан ойлголцлын баримт бичиг” гэж тодорхойлсон тус баримт бичгийн дагуу Их Британи ЕХ-той дараах зүйлс дээр тохиролцсон байна. Үүнд:
  • Харилцан тохиролцсон нөхцөлтэй, тэнцвэртэй залуучуудын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж ажиллах;
  • Их Британийг ЕХ-ны Erasmus+ боловсролын хөтөлбөрт дахин нэгтгэх асуудлаар хамтран ажиллах;
  • Аялал, соёлын солилцоог дэмжих, ялангуяа аялан тоглолт хийдэг уран бүтээлчдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих;
  • Боломжтой тохиолдолд цахим хяналтын (e-gates) системийг ашиглах боломжийг судлах;
  • Хууль бус цагаачлалтай холбоотой сорилтуудын эсрэг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ нотлох;
  • Их Британи ЕХ-ны дотоод цахилгаан эрчим хүчний зах зээлд оролцох боломжийг хамтран судлах;
  • Хүнс болон хөдөө аж ахуйн зохицуулалтын талаар тохиролцоо байгуулах — ингэснээр амьтан, ургамлын шилжилт хөдөлгөөний ихэнх тохиолдолд одоо шаардагдаж буй баталгаажуулалт, шалгалтын гэрчилгээ шаардлагагүй болох;
  • Нүүрстөрөгчийн зах зээлийг холбох чиглэлээр хамтран ажиллах гэх мэт.
Эдгээрийг Их Британи ЕХ-той харилцаагаа сэргээн шинэчлэх чухал алхмуудын эхлэл гэж үзэж болно.
Түүнчлэн Их Британийн Ерөнхий сайд Кеир Стармер, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антонио Кошта нар даваа гарагт Лондон хотод дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байна.
Их Британи Брекситээс хойших ЕХ-той харилцах харилцаандаа хамгийн чухал өөрчлөлт оруулах гэж байгаа бөгөөд худалдаа, батлан хамгаалалтын чиглэлээр илүү ойр хамтын ажиллагаа байгуулах замаар эдийн засгаа өсгөж, Европ тивийн аюулгүй байдлыг сайжруулахаар зорьж байгаа аж.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн