Баянхонгор аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг Шинэжинст сумын манлай заан Лодойн Бүлтэг агсны нэрэмжит болгон тус суманд зохион байгуулжээ. Энэхүү тэмцээний үеэр тус сумын “Залаагийн хүчтэн” бөхийн дэвжээний нээлт давхар болж буйгаараа онцлогтой юм.
Өнөөдөр болсон Идэрчүүдийн аймгийн аварга шалгаруулах барилдаанд Аймгийн арслан Б.Түвшинтөгс түрүүлж, Аймгийн арслан Э.Өлзийбаяр үзүүрлэв. Харин гуравдугаар байрт Аймгийн арслан Т.Баттогтох, дөрөвдүгээр байрт Сумын заан О.Тамир, тавдугаар байрт Сумын заан Д.Билэгт, Зургаад, Сумын заан А.Цэрэндагва, долдугаар байрт Сумын заан Э.Гонгор, наймдугаар байрт Аймгийн харцага Д.Цэрэндорж нар орлоо.
Сумын заан Лодойн Бүлтэг агсны нэрэмжит “Залаагийн хүчтэн” бөхийн дэвжээнй нээлт, Баянхонгор аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн барилдаанд тус аймгийн 16 сумын, хүчит 90 гаруй бөх хурд хүчээ сорин, уран мэхийг уралдуулан аймаг, сумын иргэдээ баясгаж байна.
Баянхонгор аймгийн Шинэжинст сум нь нийслэл хотоос 1,000 гаруй км, Баянхонгор аймгаас 265 км алслагдсан, Монгол орны хийгээд аймгийнхаа хамгийн урд захын сум юм. Өв соёл, үүх түүхээрээ бахархдаг Улсын арслан Э.Оюунболд, Улсын аймгийн начин Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул Б.Батмагнай нар алслагдсан энэ суманд урилгаар очиж, сумынхаа наадамд 11 түрүүлж, 4 үзүүрлэсэн Лодойн Бүлтэг агсны алдрыг олонд таниулсан Үндэсний бөхийн барилдааныг үзэж, залуу бөхчүүд хийгээд сумын ард иргэдэд хүндлэл үзүүллээ.
Лодойн Бүлтэг агсан анх 25 настайдаа Шинэжинст сум анх байгуулагдсан түүхт ойн барилдаанд түрүүлж, түүнээс хойш сумандаа 11 түрүүлсэний 9 нь завсаргүй түрүүлсэн бол 4 үзүүрлэсэн ховорхон амжилтын эзэн юм. Тиймдээ ч нутгийн ард иргэд нь “Хол яваагүй ч хонхортоо босоо Хүчтэн” хэмээн Лодойн Бүлтэг агсныг амжилтыг үнэлэн, хүндэтгэдэг байна.
Ирэх жил Шинэжинст сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ой тохиох юм. Түүнийг угтан аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан зохион байгуулахаас гадна, манлай заан Лодойн Бүлтэг агсны нэрэмжит “Залаагийн хүчтэн” үндэсний бөхийн дэвжээний нээлтийг өнөөдөр ийн хийж буй юм. Энэ тухай сумын манлай заан Лодойн Бүлтэг агсны ар гэр гүн талархалтай байгаагаа илэрхийллээ.