Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Б.Энхбаяр: Ерөнхий сайд "би үхэх дээрээ тулбал бүгд үхнэ шүү" гэдэг зарчим барихыг зөвшөөрөхгүй

Б.Энхбаяр: Ерөнхий сайд "би үхэх дээрээ тулбал бүгд үхнэ шүү" гэдэг зарчим барихыг зөвшөөрөхгүй
Нийтэлсэн 0 минутын өмнө
УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд болон ХҮН намын зөвлөл Засгийн газрын асуудлыг хаалттай хэлэлцэж байна. МАН-ын бүлэг хуралдаж байгаа бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралд оролцож, намынхаа Бага хурлыг ойрын хугацаанд хуралдуулахаа илэрхийлсэн байна. Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээтэй холбоотой асуудал болон бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хагас сайн өдөр хийсэн тайлбараа л бүлгийн хурал дээр ярьсан. Миний хувьд бүлгийн хурлын эхэнд намын дарга, удирдлагуудыг оролцуулж байж залуусын тавьж байгаа шаардлага, түүнийг тойрсон улс төрийн асуудлыг ярья гэсэн санал дэвшүүлсэн. Улстөрчийн үг, үйлдэлд ёс зүйн хариуцлага нэхэх, шаардах эрх ард түмэнд нээлттэй байгаа. Улс төрийн хариуцлага ярих асуудал намын дотоодод нээлттэй. Тийм учраас энэ асуудлыг ярья гээд бүлэг дээр ярьсан гэсэн үг.
Парламентын хувьд намын Бүлэг, намын их хурлаас байгуулагдсан бүтэц нь намын төлөөллийн дээд байгууллага буюу намын Бага хурал, түүнээс байгуулагдсан Удирдах зөвлөл гэсэн гурван үндсэн улс төрийн шийдвэр гаргадаг бүтэц ажилладаг. Намын даргын хувьд удирдах зөвлөл болон бага хурлыг ойрын үед хуралдуулъя гэдэг асуудлыг хөндөж ярьсан.
Миний хувьд энэ асуудлыг тодотгож “Энэ хурал дээр юу ярих гэж байгаа вэ. Хэрвээ таны гэр бүлийн болон үр хүүхэдтэй буюу улс төрийн ёс зүйтэй холбоотой үүссэн асуудлыг намын Удирдах зөвлөл эсвэл Бага хурлаар яриулах гэж байгаа бол үүнийг зөвшөөрөхгүй шүү. Намын хамт олон таны гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой ёс зүйн асуудлыг нийтээрээ яриад санал хураадаг байгууллага биш. Биднийг бүгдийг нь татаж оруулаад, өөрөө, магадгүй улс төрийн хүрээнд шийдвэр гаргах ёстой асуудал дээр парламентыг, намын гишүүдийг татаж оруулж болохгүй. Энэ бол намын гишүүдийн асуудал биш. Намын гишүүд хариуцлага үүрэх ёстой асуудал биш. Энэ хүмүүсийг оруулж ирэх гэж байгаа бол үүнийг зөвшөөрөхгүй шүү” гэдгээ илэрхийлсэн.
Яагаад ийм удаан байр суурь илэрхийлэхгүй байгаа юм. Энэ асуудлаар нь сэтгүүлчид бүх гишүүнээс асуулт асуугаад бүтэлцүүлж байна. Юу гэж хэлэхээ мэдэхгүй, намын даргыгаа хамгаалахаар буруутдаг юм болов уу гээд элгийн юм болж байна. Ордонд хошин шог цаашаа юм болж байна. Хачин тайлбар тавиад эхнээсээ бүгд онигоонд орлоо.
МАН, АН, ХҮН намын дарга нар бүгдээрээ юу болоод байна вэ. Засгийн газрын асуудал болохоос ард түмний төлөөлөл болсон парламентын асуудал биш шүү. Сүүлдээ "би үхэх дээрээ тулбал бүгд үхнэ шүү" гэдэг зарчим барих гэж байгаа бол үүнийг зөвшөөрөхгүй шүү л гэдгээ хэлсэн. Заавал энэ олон гишүүдийг ийм байдалд оруултал нь явах шаардлагатай юм уу. Энэ хамтын зовлон юм уу. Яагаад хамтын хариуцлага үүрэх хүртэлх түвшин рүү оруулах гээд байгаа юм бэ.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн