Open iToim app
Хөндөх сэдэв | 5 мин уншина

Ц.Мөнх-Эрдэнэ: Өдөрт скүүтер, суррон зэргээс унаж бэртсэн 60-70 хүн ГССҮТ-д хандаж байна

Ц.Мөнх-Эрдэнэ: Өдөрт скүүтер, суррон зэргээс унаж бэртсэн  60-70 хүн ГССҮТ-д хандаж байна
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Манай улсад нэвтэрсэн шинэ төрлийн цахилгаан тээврийн хэрэгслүүдийн ангилал, тодорхойлолт, цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер зэрэг тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолоочийн эрх, үүрэг одоогийн мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмээр тодорхой зохицуулалтгүй байгаа юм. Үүнээс үүдэж цахилгаан тээврийн хэрэгслээр зорчигч болон энгийн иргэд ч бэртэж гэмтэх тохиолдлууд их байна. Энэ талаар ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн Их эмч Ц.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
-Цахилгаан тээврийн хэрэгсэл болох скүүтер, суррон зэргээс үүдэж хэр их хүн гэмтлийн эмнэлэгт үзүүлж байгаа вэ?
-Урин дулаан цаг эхэлсэнтэй холбоотойгоор скүүтер, мопед, унадаг дугуй, суррон, байкнаас унах, авто осолд орох хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна. Энэ төрлийн цахилгаан тээврийн хэрэгслийн дундаж хурд нь 20 км/цагийн хурдтай байдаг. Скүүтерийн хувьд 60 км/цагийн хурдтай, суррон буюу цахилгаан дугуй нь 60-80 км/цагийн хурдтайгаар хурдалдаг. Ийнхүү хурдтай явснаас үүдэж хүмүүс бэртэж гэмтэх, авто осолд орох нь ихээхэн олширч байна. Бэртлийн хувьд маш өндөр механизмаар осолдож эрчим ихтэй унадаг тул хүнд бэртэж гэмтдэг. Тухайлбал, тархины хүнд гэмтэл авч байна. Мөн цээж хэвлийн гэмтэл, мөчдийн хугарал авдаг. 18 наснаас доош насны хүүхдүүд хамгаалах хэрэгсэлгүй, каскгүй явж байна. Түүнчлэн ардаа хүн сундлаад явж байгаа юм. Энэ бол маш эрсдэл өндөртэй зүйл. 
Өнгөрсөн долоон хоногт Зайсанд нэгэн хэрэг гарсан. Нэг залуу мотоциклтой явж байгаад унасан. Залуугийн бүсэлхий хэсэг нь хугарч мултарсан. Энэ хугарлын хувьд тухайн хүн саажилттай, тахир дутуу ч болох магадлалтай. Бэртэл гэмтлээс үүдэх аюултай зүйлс бол тархинд үүссэн гэмтлийн хувьд гавлын яс хугарах ч юм уу тархин дотор цус алдах эрсдэлтэй. Ингэснээр өрөөл татанхай болох эрсдэл өндөр юм. Тэр даруй ослоос үүдсэн шинж тэмдэг илрэхгүй байж болох ч хожим нь маш хүндээр илрэх магадлалтай байдаг. 
-Өдөрт хэр их хүмүүс энэ төрлийн бэртлээр ирдэг вэ. Насны хувьд хэдэн насны хүмүүс ихэвчлэн ирж байна вэ? 
-Манай хүлээн авахын яаралтай тусламжийн тасгаар 24 цагт нийт 600-700 хүн ирж үзүүлдэг. Үүнээс цахилгаан тээврийн хэрэгслээс унасан гэмтэл 10-20 хувийг эзэлдэг. Энэ нь ойролцоогоор 60-70 хүн энэ төрлийн гэмтлээр ирдэг гэсэн үг. Монгол Улсад суррон унахад насны хязгаар тогтоож 18 наснаас дээш гэж журамласан. Гэвч энэхүү журам бүрэн хэрэгжиж чадахгүй байгаа юм. Бэртэж гэмтсэн хүмүүсийн насны ангиллыг харвал 14-18 насныхан дийлэнх хувийг эзэлж байна. 
-Ямар тохиолдлын улмаас хүмүүс бэртэж гэмтэж байна вэ?
-Улаанбаатар хотын түгжрэлийн улмаас хүмүүс цаг хугацаагаа хэмнэх үүднээс цахилгаан тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа. Замын хөдөлгөөний дүрмээрээ бол нэгдүгээр эгнээгээр явах ёстой боловч дүрмээ дагаж мөрдөх хүмүүс тун ховор байна. Хоёр, гуравдугаар эгнээгээр явах болон улаан гэрлээр явах ч тохиолдлууд бий. Улаан гэрлээр гараад эсрэг урсгалаас гарч ирсэн машинтай мөргөлдөх тохиолдлууд цөөнгүй байдаг. Хүмүүс маш өндөр эрчимтэй явсны улмаас хүнд бэртэл авдаг юм. 
-Цахилгаан тээврийн хэрэгсэлд явган зорчигч мөргүүлснээс болж ирэх тохиолдлууд хэр их вэ? 
-Иймэрхүү тохиолдлуудад өндөр настай хүмүүс ихэвчлэн өртсөн байдаг. Ахмад настныг мөргөчхөөд байж байгаарай гэж хэлээд зугтсан тохиолдлууд олон бий. Өндөр настай хүмүүс дунд чөмгөө хугалах, мөчдийн хугарал гэмтэлтэй хохирсон тохиолдлууд цөөнгүй байдаг. 
-Яаралтай тусламжийн тасагт өдөртөө 60-70 хүн ирдэг гэсэн. Үүнээс хүнд гэмтэл хэр их байдаг вэ?
-Хүнд бэртэл гэмтлээр ирэх хүмүүсийн тоо маш их байдаг. Хүнд бэртэл аваагүй байсан ч толгойндоо бэртэл авсан л бол цаашид гарах хор уршиг нь их юм. Унах таталтаас эхлээд байнгын мэдрэлийн эмчийн хяналтад явах шаардлагатай болдог. 
-Иргэд энэ төрлийн бэртэл гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-18 наснаас доош насны хүүхдүүд 60 км/цагаас дээш хурдтай явах нь аюултай юм. Өндөр хүчин чадалтай суррон зэрэг тээврийн хэрэгслээр зорчихгүй байх хэрэгтэй. Харин 18 наснаас дээш насныханд хандаж хэлэхэд маш сайн хамгаалалтын хэрэгсэлтэй зорчих шаардлагатай юм. Цээжний бүс, каск, мөр, тохой өвдөгний хамгаалалт зэрэг хамгаалалтын хэрэгслээ бүрэн зүүхийг зөвлөж байна. Мөн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан зорчих шаардлагатай юм. 
Түүнчлэн зайлшгүй анхааруулах шаардлагатай зүйл бол цэцэрлэгт хүрээлэн, парк зэрэг газруудад бага насны хүүхдүүд цахилгаан дугуй, скүүтер зэрэгт дайруулах тохиолдол их байдаг. Бага насны хүүхдийн өсөлт бойжилт хөгжөөгүй байдаг учраас хүнд гэмтэл авах нь бий. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ анхааруулан цахилгаан тээврийн хэрэгслээр болгоомжтой зорчихыг анхааруулах шаардлагатай. 
undefined
Бусад улс оронд ч энэ төрлийн цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудлууд гарч ирсэн бөгөөд зарим улс нь нэг мөр хориг тавьсан бол харин зарим нь тоог нь цөөлөх зэргээр арга хэмжээ авсан байна.
2023 онд олон улсын зөвлөх үйлчилгээний Маккензи компаниас дэлхийн улс орнуудын томоохон 100 хотод нийтийн хэрэглээний цахилгаан скүүтерийн хэрэглээг хэрхэн зохицуулж байгааг судлахад зохицуулалтын дөрвөн хандлага байжээ. Үүнд:
-Нийтийн хэрэглээний цахилгаан скүүтерийг нэг мөр хориглох 290 орчим сая хүн амьдардаг 35 хотод нийтийн хэрэглээний цахилгаан скүүтерийн үйлчилгээг хориглож, хувийн скүүтерийг зөвшөөрчээ. Тухайлбал, Францын Парис, Нидерланд, АНУ-ын Филадельф муж, Канадын Торонто, Австралийн Сидней, Мельбурн, Испанийн Барселона, Индонез, Сингапур зэрэг улсуудад замын хөдөлгөөнд оролцуулахыг бүрэн хориглосон шийдвэрийг гаргасан. Мөн БНХАУ нь Шанхай, Бээжин, Хонгконг зэрэг том хотууддаа замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон. ОХУ нь Москва, Санкт-Петербург зэрэг томоохон хотуудын явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй зарим гудамжнуудаар хөдөлгөөнийг хориглосон байна.
-Тендерийн зохицуулалттай 100 орчим сая хүн амьдардаг 13 хотод нийтийн хэрэглээний цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч (оператор), цахилгаан скүүтерийн тоог хязгаарлах, эсвэл аль алиныг хязгаарлах, үйл ажиллагааны тодорхой нөхцөл шаардлага тавих замаар цахилгаан скүүтерийг зөвшөөрдөг байна. Тухайлбал, АНУ-ын Лос анжелес, Вашингтон, Испанийн Мадрид хотууд ийм зохицуулалтай аж.
-Нээлттэй боловч хатуу зохицуулалттай 280 орчим сая хүн амьдардаг 23 хотод нийтийн хэрэглээний цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч (оператор)-ийн тоонд хязгаарлалт тавихгүйгээр цахилгаан скүүтерийг зөвшөөрдөг ба үйлчилгээ үзүүлэгч нь орон нутгийн захиргаанд бизнесээ бүртгүүлэх шаардлагатай юм. Мөн цахилгаан скүүтерийн техникийн дээд хурд, жолоодох насны хязгаар, зөвшөөрөгдсөн газар зэргийг зохицуулсан хууль, дүрэмтэй байна.
-Зохицуулалтгүй 310 орчим сая хүн амьдардаг 29 хотод нийтийн хэрэглээний цахилгаан скүүтерийн үйлчилгээний талаар зохицуулалтгүй юм. Тухайлбал, Энэтхэгийн Шинэ Дели, Мумбай хотууд, Африкийн улсууд байна.
Үүнээс авч үзэхэд гадаадын улс, орнууд эрх зүйн тогтолцоо, үүсэж буй шалтгаан нөхцөлийнхөө хүрээнд шинэ төрлийн цахилгаан тээврийн хэрэгслүүд, түүний дотор цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийг хууль тогтоомждоо зохицуулж, тодорхой арга хэмжээнүүдийг авсан байна. Манай улсын хувьд ч энэ төрлийн цахилгаан тээврийн хэрэгслийн тодорхой зохицуулалт шаардлагатай болсон юм. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн