АН-ын гишүүд УИХ-д энэ намыг төлөөлж суугаа 42 гишүүн, түүнийг ахалж байгаа АН-ын дарга Л.Гантөмөр, бүлгийн дарга О.Цогтгэрэл нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдээллээ. АН-ын гишүүд эхлээд АН хамтарсан Засгийн газраас яаралтай гарахыг шаардав. Энэхүү шаардлагадаа, АН иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Хамтарсан Засгийн газраас гарч, хяналтын үүргээ бэхжүүлэхийг онцолжээ. Хэрэв чадахгүй бол Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцруулах хөдөлгөөнийг эхлүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэв.
АН-ын гишүүн Л.Ганхөлөг: Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн таван жил гаруй хугацаанд Ерөнхий сайд буюу Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байна. Хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийнх нь орлого 200 гаруй сая, гэр бүлийнх 15 сая төгрөг. Гэвч олон тэрбумаар хэмжигдэх тансаг зэрэглэлийн худалдан авалтуудыг түүний хүү О.Тэмүүлэн хийж цахим орчинд иргэдийг басамжлан доромжилсон өнгө аястайгаар нийтэлсэн. Үүнээс болж Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотол, огцрох шаардлагатай иргэдийн жагсаал өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Үүнтэй холбоотой АН-ыг зах хязгааргүй хулгайд улс төрийн хүчнийхээ үүргийг гүйцэтгэж ажиллахыг шаардаж байгаа.
Иймд АН-ын төлөөлөл болж гишүүд нь хоёр үндсэн шаардлагыг УИХ дахь АН-ын бүлэг болон АН-ын дарга Л.Гантөмөрт хүргүүлж байгаа юм.
АН-ын дарга Л.Гантөмөрт хүргүүлж буй шаардлагад “АН нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлж хувийн өмчийг хамгаалсан, засаглалын нээлттэй, төрийн цомхон байдлыг эрхэмлэсэн, баруун төвийн үзэл баримтлалтай Монгол Улс дахь үндэсний хэмжээний бүтэц бүхий голлох улс төрийн хүчин мөн билээ. Нээлттэй засаглалтай байх амин сүнс нь хяналт, тэнцвэрийн зарчим бөгөөд энэхүү зарчмыг биелүүлэх, бэхжүүлэхийг үе үеийн АН-ын удирдлагууд болон гишүүд, дэмжигчид хичээн зүтгэсээр ирсэн. Харамсалтай нь 2024 оны сонгуулийн үр дүнд АН-ын дарга Л.Гантөмөр та эрх баригчдын зохиосон хууль бус хамтарсан Засгийн газарт орсон нь ардчиллын дээрх үнэт зүйлээс ухарч, үе үеийн гишүүдийн хичээл зүтгэлийг баллаж, засаглалын хяналт, тэнцвэрийн үндсэн зарчмыг алдагдууллаа. Ингэснээр эрх баригчдын хулгай, авлигал цэцэглэж улс орны хөгжил доройтон, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт улам ядуурахад хүрч байна. Угтаа 2024 онд УИХ-ын сонгуулиар иргэд, намын гишүүд дэмжигчид АН-ын 42 гишүүнийг сонгож парламентад нийт суудлын 33 хувь буюу эрх баригчдад хүчтэй хяналт тавихыг даалгасан юм. Иймд энэ даалгаврыг биелүүлж АН-ын дарга Л.Гантөмөр таныг 2024 оны сонгуулиар иргэдээс авсан эрх баригчдад хяналт тавих үүргээ биелүүлэн МАН-ын Засгийн газраас нэн даруй гарахыг намын гишүүд бид шаардаж байна. Шаардлагыг эс биелүүлбээс Монголын сонгогчдын болон АН-ын гишүүдийг залилан луйвардсан, АН-ын үндсэн дүрмийн нийтлэг үндэслэлийн 1.1, 1.2, гишүүний эрхийн 3-ын 6.2, 4, 5, 3-ын 10.3, намын их хурлын 5.12, намын даргын эрх үүргийн 5-ын 17.5.3, 4, 6, 7 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж АН-ын даргаас огцруулах хөдөлгөөнийг эхлүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэж тусгасан.
Түүнчлэн, УИХ-д 10-аас дээш суудалтай нам, эвслийн бүлгүүд байдаг. Эдгээр бүлгүүдэд мөн Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн болон бусад хуулиудаар эрх, үүргүүд оноогддог. АН болон УИХ-ын гишүүнийхээ үүргийг биелүүлэх тухай шаардлагыг бүлгийн гишүүдэд, дарга нарт хүргүүлж байна. Үүнд, “Л.Оюун-Эрдэнэ 2021 оноос хойш Засгийн газрыг тэргүүн ажиллахдаа манай улсын аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдан дараах үр дүнг гаргасан байна. Тодруулбал:
Ардчиллын индексээр 2021 онд нэг байр ухарч 61, 2022 онд 77, 2023 онд 81, 2024 онд автократ дэглэмтэй улсын тоонд зарлагдах хэмжээнд хүрлээ.
Авлигын индексээр 2021 онд 110, 2022 онд 116, 2023 онд 121, 2024 онд 121-т орж 2021-2025 онд нийт 11 байр ухарсан.
Хэвлийн эрх чөлөөний индексээр индексээр 2021 онд 68, 2022 онд 90, 2023 онд 88, 2024 онд 109-т буюу дээрх дөрвөн жилийн хугацаанд нийт 41 байр ухарсан үзүүлэлттэй байна.
Гадаад өр 2021 онд 33.2 тэрбум ам.доллар байсан бол 2024 оны байдлаар 37.1 тэрбум ам.доллар болж 4 тэрбум ам.доллароор даруй өссөн.
Улсын төсвийн хэмжээ 2021 онд 11 их наядын зарлагатай батлагддаг байсан бол 2025 оны улсын төсөв 37 их наядад хүрлээ.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар төрийн Үндсэн хуульд заасан үүрэгт ажлаа хийж чадахгүй байгаа” талаар тусгасан.
Мөн УИХ дахь АН-ын гишүүдэд дараах шаардлагыг хүргүүлж байна. Нэгдүгээрт, 2025 оны тавдугаар сарын 20-ны дотор нэн яаралтай цуглаж хууль бус Засгийн газраас гарахыг шаардаж байна. Засгийн газрыг хянах үүргээ бэхжүүлэх Л.Оюун-Эрдэнийг огцруулах санаачилга гаргаж, бүлгийн бүх гишүүн гарын үсэг зурж иргэдийн хүлээлтэд хүрч ажиллахыг шаардаж байна.